Канад улсын цагдаа нар их сургуулийн хятад оюутныг эрэн сурвалжилж хайж байна. Өнгөрсөн амралтын өдөр зэвсэгтэй бүлэг этгээд хятад оюутанд хүч хэрэглэн хулгайлж зугтжээ.
22 настай Ванжен Люг хэд хэдэн удаа цахилгаан сумтай буугаар буудаж баг зүүж нүүрээ халхалсан гурван этгээд Маркам хотоос хулгайлсан байна. Баг зүүсэн дөрөв дэх этгээд хэрэг гарсан газрын ойролцоо машинтай хүлээж байжээ.
Хулгайлагдсан оюутны канад нэрийг Петр гэдэг ба эмэгтэй найзтайгаа алхаж байгаад халдлагад өртсөн. Хамт явсан эмэгтэй гэмтэж бэртсэн гэжээ. Оюутан хулгайлагдах үедээ хар өнгийн цамц, нүдний шилтэй байсан ба суулгаж авч явсан машины зургийг олон нийтэд дэлгэсэн байна.
Хятадын иргэнийг олон нийтийн газар хүч хэрэглэн хулгайлсан явдал угаас таагүй байсан хоёр улсын харилцааг улам хурцатгах шалтаг болж байна. Өнгөрсөн онд Канадын эрх баригчид хятадын иргэн Huawei компанийн дэд захирал Мэн Ванжоуг баривчилсны дараа Канадын хоёр иргэн Хятадад саатуулагдсан. Хоёр улсын үл ойлголцол даамжирч эдийн засгийн худалдаа наймаанд ч нөлөөлж эхлээд байгаа юм.
Люгийн гэр бүл Канадад ирсэн ба цагдаа нартай хамтарч ажиллаж байна. Одоогоор дээрэмчид ямар нэг байдлаар холбоо барьж эсвэл барьцааны мөнгө шаардаагүй байна.
Эх сурвалж: www.theguardian.com