УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт батлагдсан Татварын багц хууль болон Тендерийн тухай хуулийн талаар өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Шинэчилсэн хуулиар 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ нэг удаа тайлан гаргаад, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө. Тодруулж хэлбэл, жилдээ 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой компани 100 мянган төгрөгийн татвар төлнө. Энэ категорит 34 387 аж ахуйн нэгж байгаа.
300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаж, ашгийн 1 хувиар татвар төлнө. Үүнд 47 867 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа.
300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж жилдээ хоёр удаа тайлан гаргаад, 10 хувийн татвар төлөөд 90 хувийг нь буцаан авна. Үүнд 53 119 аж ахуйн нэгж хамаарна. Өмнө нь 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой компани жилд дөрвөн удаа тайлан гаргада байсныг хөнгөвчилж өглөө.
Татварын илүү төлөлтийг дараагийн улирал руу нь шилжүүлдэг байсан бол одоо шууд буцаан олгоно.
Татварын байцаагч дарамтлах, хуулиар далайлгасан нь тогтоогдвол төрийн албанд ажиллах эрхийг нь 10 жилээр хасахаар заасан.
Ээж, аавынх нь өрийг үр, хүүхэд нь төлнө гэсэн буруу ойлголт гадуур яваад байгаа. Өмнөх татварын хуулийн 10.3-т "нас барсан хүний өрийг залгамжлагчдад нь шилжүүлнэ" гэж байсныг "татварын торгууль хамаарахгүй" болгож өөрчилсөн.
Өрийн хэмжээ 20 сая төгрөгөөс дээш болоход хилийн хориг тавигдана гэсэн шинэ заалт орсон. Хуульд гадаадын харьяалалтай иргэн, харьяалалгүй иргэн татварын өртэй бол хилээр гаргахыг хориглоно гэсэн заалт орсон. Би та бүхэнд хэд хэдэн жишээг уншиж өгье. Хятадын хөрөнгө оруулалттай компани Оюутолгойд 72.1 тэрбум төгрөгийн татвартай өртэй байсан боловч, төлөлгүйгээр хилээр гарч явсан. G time гэж корпораци НӨАТ-ын 1.4 тэрбумын өртэй боловч бас хилээр гарч зугатсан. Татварын албанд өртэйгээс гадна олон мянган хүнийг хохироосон. Эдгээрийн улсад төлөх татварын өр 120 тэрбумд хүрээд байна. Харин байнга явж байдал татварын өрийн нөхцөл үүнд хамаагүй.
НӨАТ-ын буцаан олголтыг 100 хувь болгоё гэдэг бол маш буруу тайлбар. Жилд нэг удаа олгодог байсныг улирал бүр болгоё гэсэн заалт шинэ хуулинд орсон. Уг нь манай системээр сар бүр олгох боломжтой ч иргэдийн хуримтлал бага байгаа учир улирлаар нь олгоё гэж шийдэж байгаа.
Татварын маргааныг шүүхээр шийдвэрлэхдээ нөхөн татварын 10 хувийг байршуулахаар заалаа. Ингэхгүй бол хүлээн зөвшөөрч болохуйц татварын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, хугацаа хожиж, татвараас зайлсхийдэг явдал бодит байдал дээр байна. Хэрэв шүүхээр шийдэгдээд, тухайн аж ахуйн нэгжийн зөв болбол 10 хувь дээр алданги тооцож буцаан олгоно.
Хуурамч нефтийн бүтээгдэхүүний татварыг яагаад нэмэхгүй байна вэ гэдэг. Сангийн яамны байр суурь бол татвар нэмэх биш, хуурамч шатахуун үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хураах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Нэг камер хуурамч гарлаа гээд бүх камерт татвар ногдуулж болохгүй шүү дээ.