Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн яллагдагч нарыг буруугүй хэмээн мэдэгдэж, тэднийг эрүүдэн шүүж, ял тулгасан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэн, тэднээс уучлал ч хүссэн билээ.
Тэгвэл түүний энэ үйлдэл нь улс төрийн ашиг хонжоо олох гэсэн үйлдэл хэмээн үзэж, хуульч Н.Ариунболд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа ажээ.
Хуульч Н.Ариунболд,
- Сүүлийн үед хууль тогтоох/УИХ/ болон гүйцэтгэх/Засгийн газар/ эрх мэдлийн байгууллага, тэдгээрийн гишүүд шүүх эрх мэдлийн байгууллага руу зохион байгуулалттайгаар дайрах, гүтгэх үйл явдал их гарч байна.
Улс төрчийн хувийн байр суурийг ойлгож болох ч сүүлийн үед Хуульзүй дотоод хэргийн сайд нь нэгэнт шийдэгдсэн хэргийн талаар мэдээлэл хийж, хуульд нийцэхгүй алхам хийж байгаа нь эрх мэдэл хуваарилалтыг салгаж заагласан Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй үйл явдал болж байна.
Ц.Нямдорж сайдын ярьсанчлан “эрүүдэн шүүсэн”, “37 он давтагдсан” зэрэг хэргийн үйл баримт байгаа бол уг нотлох баримтыг улс төрийн байгууллага, Засгийн газар, намын бүлэг дээр бус харин прокуророор дамжуулаад шинээр илэрсэн нөхцөл байдлыг шүүхээр хянуулах хуулийн зохицуулалттай.
Гэтэл шинээр илэрсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхгүйгээр, УИХ, Засгийн газар, намын хуралдаан, улс төрийн байгуулалага дээр танилцуулж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй, Шүүхийн бүрэн эрхэд халдсан үйлдэл болж байна.
Тиймээс шинээр нотлох баримт илэрсэн л бол яаралтайгаар прокуророор дамжуулж шүүхэд хянуулахыг Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос шаардаж байна.
-МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад бичлэгийг олон нийтэд үзүүлэх шийдвэрт хүрснээ танилцуулсан л даа?
-Шүүн таслах ажиллагаа олон нийтэд таалагдах гэж биш хэргийн бодит үнэн байдалд нийцүүлж, хавтас хэрэгт авагдсан материалд үндсэлж хэргийг хянан шийдвэрлэдэг. Тиймээс олон нийтэд үзүүлэх гэхээс илүү шинээр илэрсэн баримтаа шүүхэд хянуулаад магадгүй хилсээр хоригдсон бол нэг өдөр ч алдахгүй суллах шаардлагатай. Энэ асуудалд хуулийн дагуу хандаж зөвхөн улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор, хувийн нэр хүнд олох зорилгоор битгий хандаач гэж хүсье.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө уучлал гуйгаад, "буруутан биш байж", "шүүх ингэж шийдэнгүй" гэх мэтээр шүүхийг буруутгаж байгаа нь дараа, дараагийн шүүхийн шийдвэрт нөлөөлөх магадлалтай. Үндсэн хууль дээр гагцхүү шүүх л шийднэ гэж заасан бол шүүхийн шийдэх асуудлыг Засгийн газар шийдэхгүй, УИХ дахь намын бүлэг бүр ч шийдэхгүй.