Эрх баригчид Монгол Улсын гурван сая гаруй иргэн болоод 160 мянган аж ахуйн нэгжийн эрх ашигтай холбогдох татварын орчныг богинохон хугацаанд хүч түрэн өөрчилснөөр Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих нөхцөл байдал үүсгээд байна. Учир нь Ерөнхийлөгчийн зүгээс “Хуулийн өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагч, гадаад улсын хуулийн этгээдүүд болон тэдгээрийн харилцан хамаарал бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн татварын хувь хэмжээг их хэмжээгээр бууруулах байдлаар Монгол Улсын татварын эрх ашигт үлэмж хэмжээний хохирол учруулахаар байна. Мөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний томоохон компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын тэгш бус байдал үүсгэх зэрэг сөрөг нөлөөтэй олон зүйл тусгагдаж, жижиг дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих зорилготой хуулийн шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг алдагдуулжээ” гэж үзсэн. Гэвч УИХ бие даан Татварын хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гарагийн чуулганаар хэлэлцэн баталсан юм. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) -ын тухай хуулийн 23.1-т “Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татвараас хасаж тооцно” гэсэн заалтыг тусгасан. Энэ нь гадаадын корпорацуудад татвараас зугтах боломжийг олгож байна гэж үзэхээр байгаа аж. Мөн Монгол дахь салбар, төлөөллийн газраараа дамжуулан манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ 20 хувь байсныг 5-10 хувь болгон бууруулжээ. Энэ мэтээр гадаадын томоохон компаниудад давуу эрх олгосон талаарх асуудлыг өнгөрсөн онд дээрх хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн цагаас эхлэн хөндөгдсөн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн 2018 оны зургадугаар сард татварын хуулийн өөрчлөлтийг багцаар нь болон хэсэгчлэн гэж хоёр удаа өргөн мэдүүлсэн байдаг. Тухайн үед УИХ-ын гишүүд, тэр дундаа одоогийн Засгийн газрын гишүүдийн зүгээс гаднын хөрөнгө оруулагчдад давуу эрх эдлүүлэхээр тусгагдсан хэмээн хардаж, дэмжихгүй гэдгээ зарлаж байлаа. Ингэхдээ “Татварын хууль бүх аж ахуй эрхлэгчдэд үйлчлэх ёстой. Дотоод, гадаадын гэж зааглахгүй. Гэтэл бид дотоодын бизнес эрхлэгчдээ дэмжье гээд татварынхаа ачааллыг багасгаад дэмжлэг үзүүлээд ирэхээр манайд хөрөнгө оруулж байгаа томоохон хөрөнгө оруулагчид ч адил хамрагдах болно.
Гэтэл хөрөнгө оруулагчдад бид татварын нэлээд таатай орчин бүрдүүлээд өгчихсөн байгаа. Тиймээс дотоод, гадаадын бизнес эрхлэгчдийг хэрхэн зааглах нь тодорхойгүй” гэдэг байр сууриа илэрхийлж байлаа. Үүнийг дагаад Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу “Ам Чам”-ын удирдах зөвлөлөөс татварын багц татварын хуулийн тодорхой заалтыг дэмжин, гишүүдэд хаягласан захидлын утга агуулга хүчтэй яригдаад намжиж байв. Үүнээс гадна УИХ дахь сөрөг хүчний бүлгээс өнгөрсөн долоо хоногийн хэлэлцүүлгийн үеэр татварын хуулийн өөрчлөлт Үндсэн хуулиас гадна, өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хэд хэдэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа талаар дүгнэлтээ танилцуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16.3 дахь заалт болох “Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно”, мөн хуулийн 16.4 дэх заалт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.
Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй аж. УИХ дахь АН-ын бүлэг болон Ерөнхийлөгчийн зүгээс ийнхүү сөрсөн, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгааг улс төрийн өнцгөөс харж болох ч Монголын хувийн хэвшлийн хамгийн том нэгдэл болох МҮХАҮТ-аас гарсан байр суурийг дурдахгүй анзааралгүй өнгөрч болохгүй. Танхимаас уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт төлөөлөгчөө оролцуулан, тодорхой саналаа илэрхийлсэн ч хаягдаад байгаа талаар мэдээлсэн. Улмаар танхимын шинэ ерөнхийлөгч О.Амартүвшин улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой хуулийн төслийг яаруу сандруу батлахаас зайлсхийж, УИХ-аас хэлэлцүүлгээ ирэх сард нээлтээ хийх хаврын чуулган хүртэл хойшлуулахыг уриалсан. Тэдний зүгээс дээрх хуулиудыг хүч түрэн баталсан тохиолдолд Ерөнхийлөгчид хандан хориг тавиулна гэдгээ мөн илэрхийлээд байгаа.
Д.Дорж