Apple-ыг бид гар утас, таблет зэрэг технологийн шилдэг бүтээгдэхүүнүүдээр нь андахгүй. Удахгүй бид Apple телевиз үзэж, кино шоу нэвтрүүлгийг нь шимтэн, онлайн тоглоомын ертөнцөөр аялж, кредит картыг нь ашигладаг болох юм.
Тус компанийн хаврын танилцуулга өдөрлөг уламжлал ёсоор өчигдөр болж өнгөрлөө. Энэ үдшийн хамгийн гол хүн гүйцэтгэх захирал Тим Күк ганцаараа байсангүй Стивен Спилберг, Опра Уинфри, Женнифер Аннистон, Стийв Карелл, Рийз Вайтерспүн зэрэг Холливудын шилдэг ураан бүтээлчид хүрэлцэн иржээ. Apple цаашид видео дамжуулах онлайн зах зээлд хүч түрэн орж, хэрэглэгчдэд өөрийн гэсэн контентуудыг хүргэхээр болсон байна. Apple нэрийн телевизийн аппликейшн платформыг зохиож iOS үйлдлийн системтэй адил тухай бүрт нь шинэчлэн телевизийн онлайн шоу, кино бүтээлүүдээ үзэгчдэд хүргэх зорилготой аж.
Apple телевиз
Netflix, Amazon-той өрсөлдөхүйц энтертайнмент зах зээлийг Apple бүрдүүлнэ гэдгийг жүжигчин Стивен Спилберг танилцуулсан юм. Спилбергээс гадна Опра Уинфри, Жэсон Момоа, Алфред Вүдард, Кумайл Нанжиани зэрэг Холливудын одод тайзан дээр гарсан байна. Apple TV апп ирэх намар нээлтээ хийх ба анх удаа бусад үйлдлийн системд ашиглах боломжийг бүрдүүлжээ. Тодруулбал, Samsung, LG, Sony зэрэг Android үйлдлийн системтэй болон ухаалаг телевизүүдэд зориулагдсан байх юм. Компани өөрийн гэсэн контенттэй болж Холливудад хэнгэрэг цохиход тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ. Одоогоор үнэ өртөг, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Түүнчлэн Apple кабелийн телевизийн сувгууд, Apple мэдээллийн аппыг хэрэглэгчдэд санал болголоо. Гүйцэтгэх захирал Тим Күкийн хэлснээр Apple news дэлхийн хамгийн шилдэг мэдээллийн цогц үйлчилгээг үзүүлнэ гэжээ. 300 гаруй сэтгүүлийн мэдээллийг худалдаж авч уншихад сард 9,99 ам.доллар төлөх юм.
Apple карт
Дэлхийд тэргүүлэх технологийн компани нь Goldman Sachs-тай хамтран ажиллаж энэ зундаа багтаж кредит картаа гаргахаар төлөвлөжээ. Apple картын нэг онцлог нь үүнд хуванцар материал шаардлагагүй. IOS үйлдлийн системтэй бүх хэрэглэгчид ашиглах боломжтой ба гүйлгээ бүрийг хурууны хээ, царай таньж зөвшөөрөл өгнө гэжээ. Тэгш өнцөгт хэлбэртэй гар дээр ашиглах кредит карт Apple хэв маягийг шингээж титан материалаар хийгдэх аж. Компани минималист байх үүднээс хугацаа дуусахгүй, картын нууц үг, дансны дугаар бүгд аппликейшн дээр суурилна. Тим Күкийн шинэ санаа 50 жилийн турш та бидний хэрэглэж ирсэн кредит картын тухай ойлголтыг үндсээр нь өөрчилнө гэжээ.
Apple Arcade
Apple-ын энтертайнмент технологийн салбарт өөрчлөлт хийх бас нэг шинэ зүйл бол интернэт тоглоом юм. Дэлхийн 150 орны иргэдэд хүрэх тоглоомын аппаас 100 төрлийн тоглоом татах боломжтой ба огт реклам сурталчилгаагүй гэлээ. Тоглож байсан гар утас, таблетаа өөрчилсөн ч орхисон хэсгээсээ үргэлжлүүлэн тоглох боломжтой юм байна.
"Технологийн ажиглагчид шинжээчдийн зүгээс Apple-ын уг алхмыг таны насан туршийн амьдралд iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүд салшгүй хэрэглээ болохын өмнөх бэлтгэл ажил, асар том маркетинг гэж харж байна. Та Apple-ын гар утсан дээрээ олон талын ашигтай, хийхийг хүссэн бүх зүйлсээ суулгаж тэр бүү хэл төлбөр тооцоогоо хүртэл Apple кредит картаараа хийх болно. Тиймээс телевизийн ертөнц, шоу бизнест хөл тавих нь Apple-ын хувьд ердөө багахан хэсэг төдийгүй эхлэл гэжээ."
Эх сурвалж: www.cnn.com, www.bbc.com