Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг алт олборлогч компани, аж ахуйн нэгжүүд төрийн хяналт шалгалтад бэлэн үү, “Эко Алтан Заамар”-т гарсан хариуцлагагүйн осол дахиад үүсэхгүй гэх баталгаа бий юү гэдэгт хариулт хайсан хяналт, шалгалт улс орон даяар эхэллээ гэдгийг бид өмнөх дугаартаа нийтэлсэн. Манай сурвалжлах баг МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхний дунд багтаж зуд болдоггүй тосон Заамар, ган болдоггүй бор буланд ажиллаад ирсэн аяны богцоосоо уншигч танд задалж байгаа билээ. Мянга гаруй нинжа гар аргаар алт олборлож тэнд, энд төмпөн, шанага барьж тонголзож хөгшид, залуус нэг хоёр нүхний ам бараадаж байсан үеийг бодоход Заамар бас ч гэж компани, аж ахуйн нэгжүүдийн гарт оржээ. “Гарт оржээ” гэсний учир нь ухсан нүх болгоны ард буух эзэн буцах хаяг бий болсон нь сэтгэлд арай дөнгүүр бодол төрүүлнэ.
Энэ нь, бид хариуцлагатай уул уурхайн асуудлыг одоо л ярьж эхлэх нь ээ гэсэн үг. Нөхөн сэргээлт хийдэггүй, алтыг нь аваад авдрыг нь хаячихдаг хүйтэн, сэтгэлгүй нөхөдтэй тооцоо бодож болохоор болсон гэсэн санаа юм. Энэ удаагийн МХЕГ-ын улсын байцаагч нарын ажлын нэн чухал хэсэг ч мөн компаниудад нөхөн сэргээлт хийхийг анхааруулах, ухсан нүх, эвдэрсэн га талбайн хэмжээтэй дүйх нөхөн сэргээлт хийсэн эсэхэд шалгалт хийх юм. Ухсан нүх хаа сайгүй ч компаниуд бас ч гэж нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь биш юм гэхэд дээрх тоонд дөхүүлэх гэж хичээж байгаа нь ажиглагдав. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай уул уурхай гэж хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллагууд хашгирсаны үр дүн Заамарт гарч эхэлжээ.
Техник хүрэлцээтэй ч нөхөн сэргээлт хийсэн га талбай хангалтгүй ААН байхад боломжоо шавхаад стандартад ойртуулж ухсан нүхээ нөхөн сэргээж байгаа компани ч байв. Нэг үеэ бодвол Заамар руу чиглэсэн хяналт, төр, хувийн хэвшлийнхний уялдаа, хариуцлага нэхсэн иргэний хөдөлгөөнүүд, дотоод хяналтаа сайжруулсан уурхайд мэр сэр бий болж байгаа нь энэ удаагийн шалгалтын хүрээнд ажигдагдаж байгаа нь сайшаалтай. Нөгөө талдаа Туул голын ай сав газар руу 5 метр бүү хэл эрэгт нь тултал хөрс эргүүлчихсэн даварсан аж ахуйн нэгж ч байна. Мөн бичиг баримт дутуу, уулын ажлын төлөвлөгөө байхгүй, тусгай зөвшөөрөл бүхий талбайгаасаа хэтрүүлэн ашиглаж олборлолт хийсэн, нөхөн сэргээлт хийх төлөвлөгөөгүй гэх мэт зөрчилтэй компани ч байна. Хагарч бутарсан хөрс бүхий энэ ус нутагт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайн ирээдүй харагдаж байна уу, эс үзэгдэнэ үү гэдэг асуудлаар мэргэжлийн хүний байр суурийг сонслоо. МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Мэргэжлийн хяналтын байгууллага гэхээр л шалгаад, зогсоогоод байдаг юм биш. Бид зөвлөн тусалх үйлчилгээ үзүүлэх, мэргэжил, арга зүйгээр хангах, ном журмынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нь дэмжиж ажиллах ёстой. Энэ нь төр засгийн бодлоготой ч холбоотой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул уурхайн компаниудыг аль болох дэмжих чиглэл, зүйл заалт бий шүү дээ. Хариуцлагатай явж байгаа уурхайг жишиг болгоё гэж зорьж байна.
“Эко Алтан Заамар” компанийн уурхайд болсон ослыг бид мартаагүй. Гэвч энэ харамсалтай үйл явдлаас хойш уурхайнхан бие биенээсээ дэмжлэг авч, туршлага судалж, хоорондоо бүхий л сайн үзүүлэлтээрээ өрсөлддөг болж. Юугаараа өрсөлдөж байна вэ гэхээр, карьераа зөв авч явж байна уу, ямар туршлагаар карьераа ухаж байна вэ, менежмент нь юу юм, мэргэжлийн боловсон хүчний арга туршлага нь юу юм гэдгийг хардаг, биендээ саналаа харамгүй өгдөг болсон байна. Кемп гэхэд л хуучин хэдэн цоорхой гэр, түүн дотор нь тогоо шанагатайгаа хутгалдсан хэдэн халтар нөхөд суудаг байсан бол одоо дотроо халуун ус, бие засах газартай, гал тогоо, хоолны чанар, орц, төрөл ихэссэн байна. Рестораны хоол хийж байна. Мөн хөдөлмөр, аюупгүй ажиллагаатай холбоотой асуудалд нэлээд анхаардаг болж. Хувцаслалт, уурхай дахь соёлыг бий болгожээ. Уурхайн орчинд тамхи татахгүй, ажилчид эвтэй байх гэх мэт соёлыг эхлүүлжээ.
Үүнд сум, орон нутгийн мэргэжлийн хяналтын байцаагч нар анхаарсан байна. Бичил уул уурхайгаас хариуцлагатай уул уурхай руу шилжихэд ажил хийжээ гэж харж байна. Сум орон нутгийнхны хувьд нийгмийн хариуцлагын гэрээ байгуулаад байна. Үүний хөгжил дэвшил хаахна байна, сум орон нутгийн бүтээн байгуулалт, боловсрол, соёлын салбарт хэр өгөөж ажиллаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсон. Сум, орон нутаг ч мөн ингэж авсан мөнгөө зөв зохистой ашиглах ёстой. Нэг хэсэг бид сум, орон нутаг ийм мөнгө авах ёсгүй гэж үздэг байсан. Гэвч нэгэнт тухайн орон нутгийнхаа хөгжилд нэмэртэй байна. МХЕГ-аас энэ жил нөхөн сэргээлтэд анхааръя. Ухсан нүх биш тэгш талбайг ахиулъя гэсэн зорилт тавьсан. Үүнийхээ дагуу олборлолт, нөхөн сэргээлт хоёрын хэмжээг эн тэнцүү тавьж үзнэ гэсэн чиглэл өгсөн. Чиглэлийн дагуу ажил дүгнэх боломжтой юм байна гэдгийг харж байна. Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг даалгаврын дагуу улсын хэмжээний хяналт шалгалтыг эхлүүллээ” гэсэн юм. Энд мөн бас нэг тулгамдсан асуудал нь аюултай хог хаягдал. Газар ухдаг том том техникүүдээс гарч байгаа тос, масло, бинзен шатахуун ил залдгай асгарч хөрс бохирдуулсан нөхцөл байдал хяналт, шалгалтынхны нүдэнд тод тусч байв. Дан ганц Заамарт ч бус уул уурхай дагасан орон нутгуудад аюултай хог хаягдлыг булшлах стандарт мөрдөгддөггүйг анзаарч болохоор байв. Шалгалтын нэг хэсэг болсон аюултай хог хаягдал, түүнийг устгаж булшлахдаа компаниуд ямар алдаа гаргаж байгааг МХЕГын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын Улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “ААН-үүд эко системд доройтол учруулахгүйгээр олборлолт явуулахын тулд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг БОАЖЯ-наас батлан хэрэгжүүлдэг. Ингэхийн тулд ААН-үүд жил бүр менежментийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэ төлөвлөгөөний дагуу, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийгддэг. Мөн орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. ААН-үүдийн тухайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаад хэрэгжүүлдэг ч хангалтгүй хэрэгжүүлж байна гэсэн нийтлэг зөрчил илэрч байгаа юм. Тухайлбал, уул уурхайн ашиглалтад хэрэглэгдэж байгаа том оврын техник, тоног төхөөрөмжөөс ялгарч байгаа тос тосолгооны бүтээгдэхүүнийг ил задгай хаях, зориулалтын бус газар хадгалж байна. Хог хаягдлын тухай хуулиар бол ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд аюултай хог хаягдлааөөрийн ААН дээрээ 90 хоног хадгалах үүрэгтэй. 90 хоног хадгалаад эрх бүхий мэргэжлийн байгууллагаар устгуулахаар хүргүүлэх ёстой.
Гэтэл хадгалалтын үеийн шаардлага, стандарт мөрдөгдөхгүй байна. Мэргэжлийн байгууллагад шилжүүлж өгч байгаа нь тодорхойгүй. Эдгээр зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ААН бол 3000 нэгж буюу 3 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авна. Цаашлаад хохирол тооцож нөхөн төлбөр тавих хүртэл арга хэмжээ авдаг. Бас нэг дутагдал байгаа нь орон нутагтайгаа хог хаягдлын гэрээ хийдэг ч хэлбэр төдий. Гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлдэггүй, сум хог хаягдлын нэгдсэн цэг байгуулаад ангилан ялгаж хаяхгүй зөрчлийг нэрлэж болно. ААН, компаниудын орон нутагтаа төлөх хог хаягдлын үнийг ИТХ-ын хурлаар хэлэлцүүлж тогтоодог ч Заамарын тухайд ингэж тогтоосон эсэх нь тодорхойгүй, нэг ижил мөнгөн дүн авчээ. Энэ бол орон нутгийн удирдлагын зохион байгуулалт муу байгаатай холбоотой”.
РЕДВУЛКАН, ЗЭРЭГЦЭЭ КОМПАНИ “БАНГА ХҮРТЭВ”
Бидний очсон дараагийн компани “Зэрэгцээ” алтны үйлдвэр байв. Г.Батсайхан захиралтай тус компани 1994 оноос Заамарт үйл ажиллагаа явуулсан ч нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээ үлэмж хангалтгүй байгааг шүүмжиллээ. Монголросцветмет компанийн харъя гэх энэхүү үйлдвэрт өнгөрсөн жил хяналт шалгалт ороогүй аж. Энэ нь мэргэжлийн хяналтын байцаагч нарын буруугаас бус тухайн компанийн шалгалтаас “зугатсан” ядмагхан аргаас болсныг албанынхан хэлж байв. Тус компани өнгөрсөн онд ус ашигласны төлбөр гэж 34 сая төгрөгийг орон нутагт тушааж есөн кг алт авчээ. Шалгалтын багийнхан тус компанийн үйл ажиллагааг тодор - хойгүй хугацаагаар хаах санал гаргасан. “Зэрэгцээ” улсын үйлдвэрийн зөрчлийн талаар МХЕГ-ын Дэд дарга Д.Энхсайханаас тодрууллаа. Тэрбээр “Шижир Алт” гэх компани руу ч үүрэг хариуцлагаа түлхээд, “Шижир Алт” энэ компани руугаа асуудлаа түлхээд байна. Монголросцветмет гэх нэг малгайтай хоёр компани юм. Өнөөдрийн байдлаар бичиг баримт бүрдсэн гээд байгаагаас биш үзүүлж байгаа цаас алга. Усны гэрээг хэдэн төгрөгөөр байгуулсан юм, хэчнээн хэмжээний элс угаав, хэдэн төгрөгийн төлбөрийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өгөв, хэчнээн кг алт авсан юм энэ бүхнийг үзье гэхээр бидэнд үзүүлэх баримт бичиг энэ компанид алга. Хоёрдугаарт, нөхөн сэргээлт хийсэн талбайн хэмжээг тооцохоор жилдээ 10 орчим га газар нөхөн сэргээж байна. Энэ нь нийт эвдэрсэн 710 га газартай харьцуулахад маш хангалтгүй дүн. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. ААН жилдээ 300 га-гаас доошгүй газрыг нөхөн сэргээлт хийнэ гэсэн байгаа. Төрийн өмчит компани гэхээр л зовлон жаргал ярьсан, үлбэгэр үйл ажиллагаатай байж болохгүй. Заамар өнөөдөр хөмөрсөн тогоо шиг байгаагийн цаад эзэд нь төрийн нэртэй компаниудын л балаг байдаг. Тиймээс үйл ажиллагааг нь түр зогсоож байна” гэв. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын шалгалтад бүдэрсэн дараагийн компани нь “Рэдвулкан” гэх компани байлаа. Энэ компанийн хувьд өнгөрсөн жил тусгай зөвшөөрөл бүхий талбайгаасаа хэтрүүлэн алт олборлосон учраас 10 сая төгрөгөөр торгуулж байжээ. Энэ удаад мөн л ус ашиглалтын төлбөр гараагүй байхад үйл ажиллагаа явуулсан учир 15480 тусгай зөвшөөрөлтэй олборлолтын үйл ажиллааг зогсоож лацдав. Тус компанийн хувьд бичиг баримт дутуу, дүгнэлт гараагүй байхад алт олборлосон учраас 291.2 грамм алтыг нь улсын орлого болгож хурааж авав. Ийнхүү байгаль эхийн хишгийг ухаж авч л байвал газар шороо ямар байдалтай үлдэх нь хамаагүй гэсэн хатуу сэтгэлтнүүдэд төр төмөр нүүрээ үзүүлж байна. Улс орон даяар зэрэг эхэлсэн хяналт шалгалт үргэлжилсээр.
М.Мөнхтунгалаг