Энэ сарын 15-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хоригдож байхдаа амиа алдсан гавъяат хуульч Л.Бямбаагийн задлан шинжилгээний албан ёсны хариу гарчээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр талийгаачийн гарын хуруунд гадны нөлөөтэй шарх үүссэнээс өөр ил харагдах гэмтэл, бэртэлгүй гэжээ. Харин гарт үүссэн гэх сорви нь талийгаачийг нас барахаас өмнө өөрийнхөө дотуур хувцасны төмрөөр хуруугаа хатгаж, цусаа бэх болгон ашиглаж гэрээслэл үлдээсэн байсан.
Ийнхүү гэрээслэл бичихдээ хуруугаа зүссэнээс өөр ямар нэгэн шархгүй гэсэн дүгнэлт гарчээ. Талийгаач цусаараа гурван ширхэг гэрээслэл бичиж үлдээсэн бөгөөд гэрээслэлийг шинжилж байгаа аж.