Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж
-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой яллагдагчдыг эрүүдэн шүүсэн гэх асуудал
-Монгол улсын ерөнхийлөгчийн санал болгосноор УЕП-ын дэд даргын томилгоо
-АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгоо гэсэн гурван асуудлыг хэлэлцжээ.
Ингээд “эрүүдэн шүүсэн” асуудлыг буруушааж, ардчилсан Монгол улсад байж байж болшгүй хэрэг гэж үзээд эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгох нь зүйтэй гэх саналд нэгджээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт чиглэл өгчээ.
Мөн уг асуудалтай холбоотойгоор УИХ-аас ажлын хэсэг гарч хууль, хүчний байгууллагуудтай холбоотой хэргүүдийг судалж үзэх шаардлагатай гэж үзжээ.
Түүнчлэн “эрүүдэн шүүсэн” гэх уг асуудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж яаралтай дүгнэлт, зөвлөмж гаргах хэрэгтэй гэх байр сууринд МАН-ын бүлэг нэгдсэн байна.
Харин бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал болох УЕП-ын орлогчийн томилгоо бөгөөд томилгоог УИХ-аар зөвшилцөж, олонхийн саналыг авах дүрмийн дагуу хэлэлцжээ. Ингээд УЕП-ын орлогчийн томилгоог хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Учир нь С.Зориг агсны хэрэг, түүнтэй холбоотой “эрүүдэн шүүсэн” гэх асуудал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэр гаргаж, хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдэгдтэл хойшлуулъя гэж үзжээ. Мөн ерөнхийлөгчөөс санал болгосон УЕП-ын орлогчийг судлах шаардлагатай ч гэх санал ч гаргажээ.
Мөн МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд дарга нарын томилгоог хэлэлцэх эсэх тухай хэлэлцээд хойшлуулах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрчээ.
АТГ-ын дарга, дэд дарга нарыг шинээр томилох саналыг Монгол улсын ерөнхийлөгч өнгөрсөн оны 5-р сард оруулж ирсэн байдаг. Гэвч Хуульзүйн байнгын хороо авч үзээд “бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй учир шинээр томилох боломжгүй” гэх шийдвэр гаргаж байжээ. Ингэснээр Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байдаг.
Энэ удаад “бүрэн эрхийн хугацаа нь дууссан учир дараагийн дарга, дэд дарга нарыг томилж өгөөч” гэх саналыг ерөнхийлөгөөс гаргасан ч Үндсэн хуулийн цэц дээр үүссэн маргаан эцэслэн шийдэгдээгүй учир цэцийн шийдвэр гартал АТГ-ын даргын томилгоог яаран хийх шаардлагагүй гэж үзжээ.
Ийнхүү УИХ дахь олонхийн бүлэг чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад байсан томилгоотой холбоотой хоёр ч асуудлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Харин бүлгийн шийдвэрээр маргааш/03.26/ чуулган дээр санал хураах шаардлагатай болж байна.