СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-25

Б.Жавхлан: Алтанд ногдуулах татварыг дөрөв дахин нэмсэн нь шок үүсгэсэн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай алтны татвар болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

-УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг та үзэж байгаа вэ?

-Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь татварын гэхээс илүү Төв банкны гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, алт тушаалттай холбоотой байдаг. Төв банкны бодлогын хэрэгслүүдийн хувьд энэ нь эмзэг асуудал. Сүүлийн 20 жилийн алтны татвар, түүний үйлдвэрлэлийн түүхийг харвал сонин дүр зураг харагддаг. Ерөнхийд нь гурван үед хуваан харж болно. юм. Тэгвэл 2.5 хувийн татвар ногдуулж байсан хуулийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 1-нд хүчингүй болсон. Энэ татвар шок үүсгэх хэмжээнд нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр энэ өндөр хэмжээний татварыг манай улсын алт үйлдвэрлэл, тушаалтын салбар шууд хүлээж авч чадахгүй. Төв банкны гадаад валютын нөөц бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлнө.

-Тэгэхээр алтны татвар маш бага байна. Төсөвт төвлөрөх орлого буурсан гэж зарим хүн ярьдаг. Та эдийн засагч хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Алтны татварыг тодорхой хэмжээнд буулгах ёстой. Харин татварыг нь бууруулахдаа ямар хувь хэмжээ тогтоох вэ гэдгээ нарийн харах хэрэгтэй юм. Сүүлийн таван жилийн хугацаанд алтанд 2.5 хувийн татвар ногдуулж ирсэн. Энэ хугацаанд алт үйлдвэрлэл, тушаалтыг маш сайн дэмжиж чадсан. Ийм учраас алтны салбар тодорхой хэмжээгээр сэргэсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр алт олборогчид татвар төлөгчийн хувьд эх оронч татвар төлөлтийн тодорхой ачаалал авах ёстой. Нөгөө талаар Монголбанкинд тушаахыг дэмжсэн төрийн бодлогоо алдахгүй байх нь зөв. Төв банкныхаа гадаад валютын нөөцийг энэ сувгаар дамжуулаад алдахгүй, хоосолчихгүй тэнцвэр барих учиртай юм.

-Тэгвэл та алтанд ногдох татвар хэдэн хувьтай байх ёстой хэмээн үзэж байна вэ?

-Татварын орлогоо тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, алтны салбараа унагахгүй, төв банкныхаа гадаад валютын нөөцийг бууруулахгүй байх тэнцвэртэй цэг нь таван хувийн татвар гэж харж байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн аль ч салбартаа ашигтай, тэнцвэртэй цэг нь дээрх хэмжээний татвар юм. Харин өсөн нэмэгдэх татвараа 0 хэвээр нь үргэлжлүүлээд, суурь татвараа 10-аас таван хувь болгоод явбал зохистой. Ингээд явахад алтны салбарт шок үүсэхгүй гэж ажлын хэсэг үзэж байгаа.

-Төв банкинд тушаасан алтны хэмжээ буурсан. Энэ хууль хэрхэн гарахыг харзнаад алтаа тушаахгүй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Татвар нь 2.5 хувиас гэнэт 10 хувь болж шок үүссэн. Дээрээс нь УИХ энэ хуулийг хэлэлцэнэ, Засгийн газар алтны татварыг эргэж харна гээд олон нийтэд мэдээлсэн. Ийм учраас алт үйлдвэрлэгчид алтаа тушаахгүй хүлээлтийн байдалд орсон. Өнгөрсөн оны өдийд Монголбанк 1.7 тонн алт худалдан авч байсан. Тэгвэл одоо 336 кг болж буурсан. Энэ бол хүлээлт үүссэний илрэл. Хууль нь батлагдаад дунд, урт хугацаанд татвар нь тогтвортой болохоор алт тушаалт эргээд сэргэнэ гэж бодож байна.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монголбанк гардаж хийх тухай яриа бий. Энэ үйлдвэрийг хэн байгуулах ёстой вэ?

-Энэ талаар хэлж мэдэхгүй юм. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь Төв банкны үндсэн үүрэг, ажил биш. Засгийн газрын хийх ажил. Гэвч улсынхаа онцлогыг харгалзах ёстой. Өөрөөр хэлбэл бид алт олборлож хөрсөн дороосоо валют гаргаж ирдэг улс. Ийм учраас Үүнийг нь олон улсад, Лондонгийн бирж дээр хүлээн зөвшөөрдөг болох учиртай. Тэгээд тэр алтаа нөөцөндөө авдаг, дэлхийн зах зээлд борлуулдаг бүтэн систем бүрдүүлэх шаардлага бий. Одоо бол бид олболосон алтаа гадаадад цэвэршүүлж нөөцдөө авч, зарж борлуулж байна. Өөрсдөө алт олборлодог, баялаг нөөцтэй орны хувьд үндэсний бүтэн системтэй байх нь урт хугацаанд валютын нөөцөө хадгалж, зохицуулж явахад их нэмэртэй.

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 гаруй лицензийг төрийн мэдэлд хурааж авна гэсэн. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Зарчим нь шударга. Хөрөнгө оруулалт хийсэн тал нь эзэмших ёстой. Хувь хүн хөрөнгө оруулалт хийсэн бол түүний өмч. Хэрэв төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол ард олон нийт өмчлөх ёстой. Ард олон нийтийг улс төлөөлж байдаг. Ийм л зарчим.

-Тэгэхээр энэ нь хөрөнгө оруулалт муудах тал бий. Төр бизнест хэтэрхий хутгалдах нь эдийн засгийн уналт руу хөтөлдөг гэсэн шүүмжлэл гараад байна л даа?

-Улс өмчилнө гэдэг нь өөрөө хөрөнгө оруулалт хийнэ гэсэн амлалт биш. Түүнийг хувьчилж, зарж болно. Олсон орлого нь ард олон нийтэд очиж байх ёстой. Засгийн газар IPO гаргаад, хөрөнгө оруулалт хийгээд явах боломжтой, эх үүсвэртэй стратегийн орд бол өөрөө ашиглаж болно.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал, 51 хувийг барьцаанд тавьсан асуудал яригдаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ УИХ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш уг асуудлаар би байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Арга нь ямар вэ гэдэг дээр асуудал үүссэн. Үүнийг УИХ-аас шалгалаа. Засгийн газраас ч бас шалгаад авч ирсэн аргад нь асуудал байна гээд л улс буцааж авсан. Үүнийг нь дэмжиж байгаа. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг нь барьцаанд тавьсан явдал нь буруу. Тухайн үед төрийг төлөөлж ажиллаж байсан хүмүүс алдаа гаргасан. Тэд хариуцлагаа хүлээх ёстой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.