АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл нь ОХУ гэж сэрдэгчид олон бий. Тэгвэл энэ үнэн үү?
Дээрх асуултад хариулт өгөхөөр тусгай зөвлөх Роберт Мюллер хоёр жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эхний шатны дүгнэлтийг Ерөнхий прокурор Уильям Баррын бичсэнээр ням гарагт Конгрессийн өмнө уншиж танилцууллаа. Энэ дүгнэлтэд ОХУ болон Ерөнхийлөгч Трамп нарын хооронд ямар нэг хуйвалдаан байгаагүй гэж үзсэн юм.
Энэ бол эцсийн дүгнэлт биш
Хачирхалтай нь Конгрессийн өмнө уншиж танилцуулсан дөрвөн хуудас материалд Трампыг Оросын Засгийн газартай хуйвалдааны холбоо сүлбээгүй ч хэргийг бүрэн цагаатгаагүй гэжээ. Тусгай зөвлөхийн мөрдөн шалгах ажил дуусаагүй ба үргэлжлүүлэн үлдсэн материалыг танилцуулна гэж Ерөнхий прокурор захидалдаа бичсэн байна. Тиймээс энэ бол эцсийн дүгнэлт биш.
Хуулийн зарим заалтаас шалтгаалан олон нийтэд уншиж танилцуулж болохгүй хэд хэдэн зүйл байгааг дурдаж, чухам хэзээ үлдсэн материалыг танилцуулахаа хэлээгүй юм. Трамп болон түүний холбоотнууд сонгуулийн дүнд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэхийг шалгахаар Роберт Мюллерын баг 500 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 3,500 шүүхийн зарлан дуудах илгээж, бусад орны Засгийн газруудаас нотлох баримт авах 13 хүсэлт явуулжээ.
Жил 10 сар үргэлжилсэн шалгалтаар Трампын зургаан туслах, Оросын гурван компани, 26 иргэнийг буруутгасан байна. Эдгээрээс долоог нь гэм буруутайд тооцож, Трампын кампанит ажлыг удирдаж байсан Пол Манафортын хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Трамп эхний дүгнэлтийг танилцуулсны дараа “ямар ч хуйвалдаан байхгүй, Агуу Америкийн төлөө” хэмээн Твиттертээ жиргэсэн байна. Олон улсын ажиглагчдын зүгээс ням гараг Трампын одтой өдөр байлаа хэмээн бичжээ. Дараа дараагийн мэдээллүүдийг танилцуулсны дараа 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Трамп хэрхэх нь тодорхой болно гэж үзэх хүмүүс олон байна.
Эх сурвалж: www.cnn.com