Тайланд улсад ням гарагт болж өнгөрсөн Парламентын сонгуулийн албан бус дүн өнөөдөр гарлаа. 2014 онд болсон төрийн эргэлтээс хойш анх удаа болсон сонгуульд цэргийн хунтын дэглэмийг дэмжигч нам тэргүүлсэн тухай мэдээлжээ. Харин Парламентын доод танхимд ардчиллыг дэмжигч нам олонхийн суудал эзэлсэн гэх урьдчилсан мэдээ байна.
Найман жилийн дараа болж буй сонгуульд Тайландын ардчиллыг дэмжигч намууд эргэн ялалт байгуулна гэсэн хүлээлт байсан юм. Армийн генерал асан, одоогийн Ерөнхий сайд Прают Чан-Очагийн Паланг Прачарат нам тун бага саналаар ялсан тухай BBC мэдээлжэээ. Нийт саналын хуудасны 93 хувь нь тоологдсон байдлаар цэргийн эрх баригчдын нам Парламентын дээд танхимын 250 суудлын олонхийг эзэлсэн байна.
Парламентад олонхийн суудал эзэлсэн цэргийн эрх баригчдын нам одоогийн Ерөнхий сайдыг улирааж магадгүй
Тайландын 50 сая иргэн санал өгөх эрхтэйгээс 65 хувь нь сонгуульд оролцсон байна. Саналаа өгсөн иргэдийн 7,69 сая нь Паланг Прачарат намд, 7,23 сая нь Фью Тай намд өгсөн гэх албан бус дүн байсан юм.
Цөллөгт явсан Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн Фью Тай нам 2001 оноос хойш болсон сонгуулиудад тэргүүлэгчийн байр сууриа алдалгүй иржээ. Төрийн эргэлт гарснаас хойш намын байр суурь суларсан гэж ажиглагчид харж байсан. Гэсэн ч цэргийн эрх баригчдын намтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч ялахад ойрхон байлаа.
Ням гарагийн орой сонгуулийн дүнг танилцуулах ёстой байсан ч хойшлуулсан байна. Тайландад “сонгуулийн хороо будлиантуулж байна” гэсэн хаштаг гарчээ.
Төрийн эргэлт гарч, цэргийн эрх баригчид улс орныг удирдах болсноос хойш эдийн засгийн байдал суларч, баян ядуугийн ялгаа ихэсч, цалингийн хэмжээ бага хэвээр өдийг хүрсэн. Гэсэн ч жагсаал хөдөлгөөн намжиж харьцангуй тайван болсон гэж үзэж буйгаа зарим сонгогч илэрхийлжээ.
Эх сурвалж: www.reuters.com, www.guardian.com