Уэльсийн Засгийн газар шинэ долоо хоногийн эхэнд хүүхдүүдийн эрхийг хамгаалсан шинэ хуулийн төслөө танилцууллаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ шийтгэхдээ зарим тохиолдолд гар хүрч, алгадах зэргээр бие махбодод нь дарамт үзүүлэхийг албан ёсоор хориглох тухай хэлэлцэж эхлээд байна.
Уг хуулийн төслийг баталж хэрэгжүүлбэл Их Британийн бүрэлдэхүүний анхны улс Уэльс болох юм. Урьд өмнө тус улсад эцэг эхчүүд, насанд хүрэгчид хүүхдээ үндэслэлтэйгээр буюу буруу зүйл хийсэн тохиолдолд шийтгэхдээ хөнгөн алгадах зэргийг зөвшөөрдөг байжээ.
Уэльсийн Эрүүл мэнд, нийгмийн яамны дэд сайд Жули Морган “бидний хүүхдүүд аюулгүй орчин мэдрэх ёстой. Хүүхдэд бие махбодоор дамжуулан шийтгэл оноох нь байх ёсгүй зүйл бөгөөд эцэг эхчүүд хүүхдүүддээ илүү анхаарал хандуулах ёстойг сануулсан, дэмжсэн кампанит ажил” гэжээ.
2015 онд Уэльсийн таван эцэг эх тутмын нэг хүүхдүүдээ цохиж, зодож шийтгэдэг байсан бол өнгөрсөн жилийн судалгаагаар хоёр дахин багассан байна. Мөн хуулийн төслийн талаар санал асуулга явуулахад санал асуулгад оролцсон насанд хүрэгчдийн 81 хувь нь тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл зайлшгүй тохиолдолд сахилгагүй хүүхдийг алгадаж байх хэрэгтэй гэж үзсэн байна. Уэльсээс гадна Шотландад ч мөн уг хуулийн талаар хэлэлцэж эхлэх юм.
Дэлхийн 50 орчим улсад аль хэдий нь хүүхдэд бие махбодын шийтгэл оноохыг хуулиар хориглосон байдаг. Мөн тооны улсад энэ талаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: www.guardian.com