Цас хаялсан, хаврын хавсаргатай хүйтэн өдөр зорьж очсон газрынхаа үүдээр оронгуут цэцэг навч алаглаж, жимс жимсгэнэ үнэртээд, зөгий хүртэл дүнгэнэж нисээд, халуун оронд л байдаг болов уу гэмээр өнгө өнгийн жижигхэн шувууд өөдөөс сониучирхан харж угтсан юм. Яг л нөгөө цаг хугацааны машин гээчид нь суугаад нарлаг, дулаахан зуны улирлын үзэсгэлэнт ойн төгөлд орчихсон мэт. Агаарын хэм хэмжигч нь 32-33 хэмийн дулааныг зааж, эгнүүлэн байрлуулсан жимсний тавцангуудын цаад үзүүр харагдахгүй асар том энэхүү өвлийн хүлэмж бол Монгол Улсын зөвлөх агрономич Ц.Баярын ногоон амьдралд зориулсан 45 жилийн хөдөлмөрийнх нь нэгээхэн хэсэг юм.
Өнгөрсөн долоо хоногт бид Дэлхийн ойн өдрийг “Ой ба боловсрол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл ногоон байгууламж, экологийн салбарт өөрийгөө зориулж, үргэлж шинийг эрэлхийлж, санаачилж, хайж, судалж, туршиж, хийж, бусадтай хуваалцаж амьдарсаар ирсэн Ц.Баяр гэх энэ эмэгтэйг “Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” буланд оролцуулахаар урьсан билээ. Уг нь түүнийг хэдэн жилийн өмнө усан үзмийг нутагшуулахаар оролдож, ид үзэж байх үеэс нь л ярилцлага авахаар хөөцөлдөж эхэлсэн юм. Нэг л тааралдаж өгөхгүй байсаар энэ удаад түүнтэй Улаанбаатар хотоос 40 км зайд орших “Ногоон харш” компанийнх нь өвлийн хүлэмжинд нь очиж уулзсан юм. Шинэ содон бүхнийг оролдож явдаг Ц.Баяр агрономич биднийг усан үзэм байтугай хүлэмж дүүрэн улааран ургасан амтат гүзээлзгэнүүдийнхээ дунд угтан авсан нь энэ.
Гүзээлзгэнэ хэмээх чамин, ганган, ихэмсэг энэ жимсийг зөвхөн зуны ганцхан сард амжиж уулнаас түүж идэх нь хамгийн эрүүл сонголт гэж боддог байв. Тэгвэл монгол хүний хөдөлмөр, сэтгэлийн үрээр жилийн дөрвөн улиралд ургац хураах боломжтой органик гүзээлзгэнэ ийнхүү дулаахан хүлэмжиндээ олноороо ургаж байна. Яг л уулын гүзээлзгэнэтэй адил тансаг үнэр, амттай. Агрономичийн 13 жилийн судалгаа, хөдөлмөр шингэсэн монгол гүзээлзгэнэ хэдийнэ хэрэглэгчиддээ хүрээд эхэлчихжээ. Энэ хүлэмжинд гүзээлзгэнийн 8000 ширхэг бут ургаж байгааг тэрээр хэлсэн юм. Олон нийтэд, тэр дундаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилгоор долоо хоногтоо нэг удаа өвлийн хүлэмжний эко аялал зохион байгуулдаг ба өөрсдийн гараар гүзээлзгэнэ түүж, ургаж байгааг нь өхөөрдөн харах бяцхан зочид нь хамгийн эгдүүтэй байлаа. “Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд зөвхөн өөрөө баясах биш бусад хүмүүст харуулах, сонирхуулах, бага ч болов экологийн боловсрол олгохыг хичээдэг юм. Ялангуяа хүүхдүүдэд амтархан идэж байгаа жимс нь ямар их хөдөлмөрөөр бүтдэг, хэрхэн ургадагийг харуулах нь ургамал, жимс, цэцэг, цаашлаад байгаль дэлхийгээ хайрлах ухаанд нь нэмэр болно гэж найддаг даа” гэж нийтлэлийн баатар маань инээмсэглэн ярьж байв.
Миний гэр бүл надад “Хөдөлмөрч чанар” гэдэг асар их хөрөнгийг өвлүүлсэн
Усан үзмийг тэрээр анх удаа Монголд ургуулж чадсан. 2007 оноос хойш оролдож байгаа бөгөөд одоог хүртэл судалгааны ажил үргэлжилсээр байгаа гэсэн юм.
“Надад ч сүрхий тойроод байх амьдрал байхгүй дээ” гээд яриагаа эхэлсэн тэрээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Газар тариалан, мод бут тарих ажилд тун сонирхолтой өссөн нь төрсөн нутагтай нь холбоотой гэж тайлбарлалаа. “Манай нутаг хамгийн сайхан байгальтай газар. Дээр үед вандуй, эрдэнэ шиш хүртэл тариалдаг байсан. Үрийг нь хөвөнд боогоод нар туссан газар суулгачихаад ургахыг нь хүлээдэг хүүхэд байлаа. Нэг ёсондоо одоогийн амьдралынхаа дадлага, туршлагыг хүүхэд ахуйдаа хийж байсан юм шиг. Манай нутгийнхан хүнсний ногоогоо бүгд гэртээ ургуулж, хэрэглэдэг. Төмс, ногоон сонгино, байцаа гээд ногоонуудаа тариалаад, айл бүрт байдаг зоориндоо хадгалаад л иднэ. Өөрөөр хэлбэл, миний мах цусанд шингэсэн буриад ахуй учраас одоо энэ ажилдаа ийм дуртай байдаг байх” гэж тэрээр ярьсан юм. Аав, ээж нь жирийн малчин хүмүүс байжээ. Үр хүүхдүүдээ багаас нь ногоо, мод тариулах болон бусад хөдөлмөрт сургаж өсгөжээ. Тэрээр сумандаа арван жилийн дунд сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирж Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн ороод 1981 онд агрономич мэргэжлээр төгсчээ. Түүнээс хойш Хот тохижуулах газарт мастер, техникч, инженер, алхах инженер гэсэн албан тушаалуудад амьдралынхаа 20 гаруй жилийг тэнд өнгөрүүлсэн байна. Агрономич, ойн инженер гэсэн хоёр мэргэжлийг хослуулан ажиллаж байсан тухайгаа дурссан юм. Хувийн хэвшлийн ажил хийж эхлээд 15 жил болж байгаа бөгөөд мод үржүүлгийн газар, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр тууштай хөдөлмөрлөж байгаа юм байна. Тэрээр өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх ёстой, залгамжлах учиртай мэргэжил гэж тодотголоо. Учир нь түүний голчлон сонирхож ажилладаг шинэ мод сөөгийг нутагшуулна гэдэг ганц хоёр жилийн ажил биш, зарим тохиолдолд 10-20 жилийн хугацаа шаардах нь ч бий гэнэ. Тиймээс энэ ажлыг нь залгамжлах хүн хэрэгтэй учир өөр мэргэжлээр төгссөн хүүгээ дахин сургаж ойн инженер болгоод хамтдаа ажиллаж байгаа аж. Харин охин нь санхүүгийн мэргэжилтэй бөгөөд ээжийнхээ ажилд тусалж дэмжин оролцдог гэлээ.
“Ядуу, борогхон амьдралаа би сургуулиа төгсөөд халсан гэж боддог. Хүн хөдөлмөрлөж л чадвал энэ амьдралыг өөрийн хоёр гараараа яаж ч залж болно гэдгийг би харуулж яваа. Манай гэр бүл намайг хөдөлмөрч хүн болгож хүмүүжүүлсэн. Энэ бол надад өвлүүлсэн маш том өмч хөрөнгө. Түүнээс биш тасдаж өгсөн, өгөх хөрөнгө ч байгаагүй. Уранхай ноорхойгоо нөхөөд л өмсөж явдаг хүүхэд нас надад байсан. Тэгэхээр одоо зарим хүнийг хараад амьдрал бол санааных шүү дээ л гэж хэлмээр санагддаг”. Энэ бол агрономичийн бага насаа дурссан бодлогоширсон харцаар хэлсэн үг. Тэрээр сургуульд суралцахтайгаа нийлээд 45 жил шороо ухсан энэ хоёр гараараа амьдралаа бүтээсэн гэж тодотгосон юм.
Тэрээр үргэлжлүүлэн “Би Хөдөө аж ахуйн сургуулийг төгссөнөөрөө маш их бахархдаг. Хэрвээ өөр мэргэжил эзэмшсэн бол одоо тэтгэвэрт гарчихсан сууж байгаа. Бидний мэргэжил бол нас хамаардаггүй, хөл гар хөдлөхөө болиход л зогсох мэргэжил шүү дээ. Миний амьдралыг энэ мэргэжил үнэхээр баяр баясгалантай, үр өгөөжтэй болгосон. Өнгөрсөн 40 гаруй жилийн сайн сайхан бүхэн минь энэ мэргэжилтэй холбоотой. Хаана ч явсан дагаж явдаг гэх үү дээ. Одоог хүртэл мөнхийн мөрөөдөл болсон сэдэв юм уу даа. Үнэхээр гоё мэргэжил. Хэн ч гэсэн тарьж ургуулмаар юм шиг боловч маш нарийн шинжлэх ухаан энэ ажлын цаана байдаг. Тиймээс эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох эсэх нь хувь хүнээс хамаарна гэж би боддог. Юм сураагүй үедээ бол шантардаг байсан. Нуух юм байхгүй. Харин сурчихсан хойно бол түүртээд, шантраад байх зүйл гарахгүй дээ” гэж ярив.
“Өмчлөөд үхэх мэргэжил биш тул өвлүүлэх ёстой”
Хүлэмжинд нь гүзээлзгэнээс гадна төрөл бүрийн мод, цэцэг, нарийн ногоонууд өнгө алаглан ургаж байна.
Ц.Баяр агрономич үргэлж шинийг эрэлхийлж, хайж явдгийг нийтлэлийн эхэнд хэлсэн. Тэрээр төрөл бүрийн шинэ төрлийн мод сөөгийг Монголд нутагшуулах ажлыг олон жил хийж байгаа юм. Усан үзмийг гэхэд 2007 оноос хойш оролдож байгаа бөгөөд одоог хүртэл судалсаар, туршсаар байгаагаа хэлсэн юм. Өвлийн хүлэмж бүхий хашаанд нь усан үзмийн талбай нь байх агаад хүйтний улиралд хучаатай өнжүүлж байгаа гэлээ. Усан үзмийг Монголд нутагшуулна гэдэг нь гадаа тарихыг л хэлээд байгаа болохоос хүлэмжинд тарьчихаад нутагшуулчихлаа гэж болохгүй л дээ гэсэн юм. Тэрээр 10 гаран жил усан үзэмтэй ноцолдсон ч борлуулах, суулгац худалдаалах хэмжээнд гаргаж чадаагүй байгаа аж. “Би өөртөө бол ургуулаад жимс аваад идчихэж болж байна л даа. Хүнд өгөхөөр болж өгөхгүй байгаа юм. Үргэлжлүүлж хийх ажил их байна. Орос, Хятадын сортууд бий. Одоо Канадаас сорт авчирдаг юм уу гэж бодож байна. Авсан хүн нь маллаж чадахгүй байна гэдэг чинь учир дутагдалтай л гэсэн үг. Яаж гаргаж авбал Монгол орны нөхцөлд амжилттай ургуулах технологийг л гаргаж авч байж сална даа” гэж тэр хэлэв. Ер нь шинэ төрлийн ургамлыг нутагшуулахын тулд ийм их хугацаа зарцуулж байгаа нь яалт ч үгүй тэвчээртэй, тууштай хүний хийх ажил биз. Гүзээлзгэнийг л гэхэд 13 жилийн өмнө өөрийн жижиг хүлэмжиндээ тарьж эхлээд таван жилийн өмнөөс идэвхтэй оролдож байж ийм хэмжээнд хүрсэн байна. Японоос авчирсан сортын гүзээлзгэнээ одоо ургац аваад, үржүүлээд, арчлаад байх хэмжээнд жигдрүүлж чадсан тул нэг ч гэсэн зорилгоо биелүүлж санаа нь амарчээ.
Тэдний компанийн хашаанд гэхэд л 89 төрлийн мод ургаж байгаагаас 29 нь шинээр нутагшуулж байгаа сортууд юм байна. Ихэвчлэн гоёлын моднууд ургаж байгаа гэлээ. Алимны сорт гэхэд мөн л 2009 оноос хойш ажиллаж байгаа боловч эцсийн байдлаар гаргаж авч чадаагүй байгааг хэлж байлаа. Арай гэж оролдож байж гаргаад ирэхээр сорт нь хоцрогдсон байхаас эхлээд асуудал зөндөө гэнэ. Мэдээж эдгээр моднуудын хувьд бусад хүний нүдээр тун амжилттай ургаж байгаа мэт. Ургац ч чамлахааргүй хэмжээнд авч чаддаг байна. Харин Ц.Баяр агрономичийн хувьд цаашид агротехнологийн хувьд ямар ч асуудалгүй, ямар ч хүн тарьж чадахаар, яг Монгол орны нөхцөлд 100 хувь тохирсон байдлаар гаргаж авахыг эцсийн зорилго болгодог учраас, байнга чамлаж, дахин эрж хайж, оролдож суудаг ажээ.
“Одоо таны гол төвлөрч байгаа ажил юу байна” гэж асуухад “Цэнхэр гацуурыг ногоон гацуур дээр залгах” гэж хариулсан юм. Цэнхэр гацуур нь өөрийн гэсэн онцлогтой ургамал байна. Шилмүүсийг нь цэнхэр өнгөтэй байлгахын тулд ямар техникээр тарих вэ гэдэг нь чухал аж. Хэдийгээр цэнхэр өнгөтэй гацуур гаднаас ирдэг боловч нарны гэрэлд хэдэн жил болоод өнгө нь хувирчихдаг гэнэ. Тиймээс өөрийн орны модон дээр залгаад үзвэл яах бол гэдгийг үзэхээр суулгаад гурван жил болж байгаа гэлээ. Харин өнгө нь яаж гарч ирэхийг харахад дахиад 10 жил хүлээж, арчлах шаардлагатай гэсэн юм. Түүний байгуулсан компани нь 20-30 хүний амьдралыг авч явдаг юм байна. Зөвхөн мод үржүүлгийн газар байснаар өвөлдөө амарчих тул энэ олон хүнийг ажилтай байлгахын тулд өвлийн хүлэмжний аж ахуй руу оржээ. Анхны хүлэмжээ 2003 онд барьсан бөгөөд түүнээс хойш өвлийн хүлэмж нь ямар стандарттай, технологитой байвал илүү үр ашигтай байхыг судлаж, туршсаар эдийн засгийн хувьд хамгийн зардал багатай, хөдөлмөр хөнгөвчилсөн, үр ашигтай загвараа гаргаж чадсан нь энэхүү гүзээлзгэнийн хүлэмж нь юм байна. Зөвхөн оройны 22 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаанаар халаад бусад үед нь дулаанаа хадгалах зарчмаар ажилладаг, бүх тохируулга нь автомат гээд давуу тал олонтой хамгийн шилдэг хүлэмж нь болж чаджээ.
Ингээд түүний их ажлын нэгээхэн хэсгээс дурдахад ийм байна. Амралтын өдөртэй байж үзээгүй тэрээр морь уядаг хүн шиг л ажилдаа дурлаж, хоббитож явдгаа хэлсэн. Хотод гэртээ хэрнээ хүлэмж хүүгээ өдөрт хоёр удаа ч ирэх үе байдаг аж. “Найр наадам хэсээд гурав хоног алга болчихоод ирвэл энэ хэдэн юмнууд чинь бүгд цааш харчихсан байна шүү дээ. Хөхүүл хүүхэдтэй хүн шиг л уяатай байдаг юм. Ургамал, цэцэг, ногоотой хүн нялх хүүхэд мэт харьцаж байж л ургуулна” гэв.
“Хүн өөртөө зорилготой, тэрнээсээ буцахгүй байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд ямар замаар явахаа л тодорхойлчихвол болоод явчихна” гэснээр бидний яриа өндөрлөлөө. Дээр хэлсэнчлэн энэхүү гүзээлзгэнийг хүлэмж нь сонирхсон хэн бүхэнд хуваарийн дагуу нээлттэй ажилладаг. Энэ нь түүний сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах, зөвлөгөө өгөх, экологийн боловсролыг түгээх зорилготой нь холбоотой. Түүнтэй ярилцаж суухад гар утас нь завгүй хангинах бөгөөд зарим үед нь надаас уучлалт хүсээд утсаа авахаас аргагүй болж байв. Тэдгээр дуудлагын дийлэнх нь зөвлөгөө хүссэн дуудлага байлаа. “Заримдаа утсаа авахгүй бол загнуулна шүү дээ” гэсээр тэр хүн бүхэнд хариулж байв. Өмчлөөд үхэх мэргэжил биш тул өвлүүлэх ёстой гэж Ц.Баяр агрономич тодорхойлсон. Тиймээс бусдад зөв чигийг нь гаргаж өгөөд, үр шимийг нь ганцаараа биш бүгд хүртэж баймаар байгааг хэлж байв. Өөрөө ч энэ тэрүүгээр уригдаж, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах ажилд дарагддаг бололтой. Нийтлэлийн төгсгөлд дуулгахад тэрээр тун удахгүй цэцгийн хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгалаа. Цэцэгнүүдээ ч тариалж байгаа гэв. Гүзээлзгэнийн хүлэмжний адилаар хүүхдүүд, томчууд тэрхүү хүрээлэнгээр зугаалангаа олон төрлийн цэцэгтэй танилцаж, зургаа авахуулж, заавал зөвлөгөө авч, суулгац авах боломжтой болох юм байна. Өөрийн компанийн хэмжээнд хийж байгаа олон нийтийн экологийн боловсролд зориулсан ийм цэцэрлэгт хүрээлэнг улсаас байгуулчихдаг бол түүнийг нь тохижуулж өгөх юмсан гэсэн далдхан бодол байдгаа ч нуусангүй.
Б.СОЛОНГО
2019.3.25 № 61 (6028)