“Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Олон улсад Family drama буюу ГЭР БҮЛИЙН гэх төрөл нэн түгээмэл байдаг бол манай улсад төдийлөн бүтээгдээд байдаггүйг тодотгон хэлсэн юм.
Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” кино ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой ажээ.
Найруулагч уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ онцолж байна.
Найруулагч Ж.Сэнгэдоржоос “Би нар” киноны талаар тодрууллаа.
-“Би нар” киногоор ямар зүйл харуулахыг зорьсон бэ?
-Манай улсын гэр бүлүүдэд эмзэглүүлмээр зүйл тохиолдож байгааг нийгэм даяараа мэдэж байгаа. Уг асуудлуудыг шууд үзэгчдэд хүргэхээсээ илүүтэйгээр аливаа юмны зорилгын эсрэг байснаар зохиолч, найруулагчийн ур чадвар гардаг. Бид нар гэр бүлийн хүчирхийлэл, салалтын талаар шууд дугархаасаа илүү их гэгээлэг, цагаахан ертөнцийг харуулахыг зорьсон. Тэр нь өөрөө үлгэр дууриалал болж байж хүнд хүчтэй мэдрэгддэг. Уг кинонд гэр бүлийн салалт, хүчирхийлэл гарахгүй. Ямар нэгэн хараалын үг хэллэгт огт ашиглаагүй. Эцэг, эхчүүд хүүхдүүдтэй үзчихээд дараа нь тэдэнтэй ярилцах нэгэн сайхан сэдэвтэй болно гэдэгт итгэлтэй байна.
-Таны хувьд яагаад тэр бүр ашиг олохооргүй төрөл жанарын кино бүтээхээр болсон юм бэ?
-Хүүхдийн контентыг хийхэд бизнес, ашиг олоход хэцүү болохоор кино уран бүтээлчид тэр болгон хүүхдэд зориулсан бүтээл туурвиж чаддаггүй юм шүү. Энэ киног Хүүхдийн төлөө үндэсний газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн. Миний хувьд хоёр жилийн өмнөөс хүүхдэд тэр дундаа гэр бүлд зориулсан кино бүтээхээр бодож, зохиолоо гаргасан байдаг. Энэ ч утгаараа ашиг олохгүй ч уран бүтээлчид бид нийгмийг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэдэг утгаараа бүтээсэн.
-Гадаадын кино наадамд уг киногоо гаргахаар зорьж байгаа гэлүү?
-Анхнаасаа киногоо бүтээхдээ монгол хүүхдүүдийн ертөнцийг уг киногоор харуулахыг зорьсон. Тийм ч утгаар язгуурлаг, натурал хэв шинжүүдийг оруулахыг хичээсэн.
Хүн өөрийнхөө бага насны тухай үр хүүхэддээ хэлэхээсээ илүү уг киног үзүүлэхэд ойлгомжтой. Хүүхдүүд гэхээс илүү эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ дагуулан очиж үзэхийг хүсэж байна
-Өсвөр үеийн хүүхдүүдийг яагаад чухам энэ киног үзэх ёстой гэж үзэж байна вэ?
-Эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ би чиний насан дээр ингэдэг байсан, чи юу ч хийхгүй байна гэх мэт айхтар сургамжилдаг шүү дээ. Энэ болгоныг уг кинон дээр харуулсан. Хүн өөрийнхөө бага насны тухай үр хүүхэддээ хэлэхээсээ илүү уг киног үзүүлэхэд ойлгомжтой. Хүүхдүүд гэхээс илүү эцэг, эхчүүд маань хүүхдүүдээ дагуулан очиж үзэхийг хүсэж байна.
-Таны хувьд хоёр жилийн өмнөөс хүүхдийн кино хийхээр бодож байгаад энэ жил бүтээлээ олонд хүргэх гэж байна гэсэн. Тэгэхээр та дотроо ямар нэгэн хүлээлт өвөртөлж байна уу?
-Мэдээж зохиол дээрээ өөрөө ажилласан болохоор миний амьдралын нэгээхэн хэсэг тусгагдаж өгсөн байгаа. Ээжийн амьдрал гэхээр тухайн цаг үеийн 13 настай охидын амьдралыг судалсан. Хамгийн хэцүү нь орчин цагийн үеийн охидын амьдралыг харуулахад хэцүү байсан. Энэ цаг үеийг миний бие үзээгүй болохоор яг хажууд нь байгаа болохоор өөрсдийг нь ойлгоход хэцүү цаг үед амьдарч байна шүү дээ. Өнгөрсөнд болсон аав ээж, нар бид нарын хүүхэд насыг харуулахад амархан учир нь би өөрөө тэрхүү амьдралыг туулсан болохоор.
Гол дүрийн хөвгүүний ээжийнх нь 13 настай үеийн дүрийг бүтээсэн Л.Шинэзулаас анх удаа кинонд тоглох ямар байсан талаарх сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Тоглосон дүрийнхээ талаар товч танилцуулаач?
-Биеэ даасан, хэрсүү, бага зэргийн эрэгтэйлэг дүрийг бүтээсэн. Уран нугараач охины дүрийг хамтлагийнхаа таван гишүүнтэй хоёр сарын турш хамт бүтээсэндээ баяртай байна. Кино хэрхэн бүтдэг, жүжигчин хүн ямар байдаг талаар анхны мэдэгдэхүүнгүй байж байгаад санамсаргүй байдлаар уг кинонд тоглосон болохоор бүх зүйл нь сонирхолтой байсан. Манай найруулагч маань маш их тусалсан.
-Кинонд тоглох хэцүү байсан уу?
-Зүгээр байж байгаад уйлна, инээнэ гэдэг чинь хэцүү юм байна лээ. Найруулагч маань бид нарыг ойлгоод нэлээн тулж ажилласан.
Гэхдээ хүүхдүүд ээж, аав нартайгаа ярилцахаасаа илүү найз нөхөдтэйгээ илүү дотно байдаг ш дээ. Тийм болохоор эцэг, эхчүүд маань найз нь юм шиг дотно байгаасаа, тулгамдсан асуудлыг шийдэхэд туслаасай хэмээн хүсэж байна
-Үе тэнгийн хүүхдүүддээ энэ киног үзээд юу ойлгоосой хэмээн хүсэж байна вэ?
-Манай кино гэр бүлийн уран сайхны кино, хүүхдэд илүү чиглэсэн, эерэг хандлагыг төрүүлэх зорилготой. Өсвөр насныханд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн даван гарах талаар өгүүлдэг.
-Аав, ээжүүд өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгоосой хэмээн хүсдэг вэ?
-Хүүхдүүдтэй ярилцаасай хэмээн хүсдэг. Гэхдээ хүүхдүүд ээж, аав нартайгаа ярилцахаасаа илүү найз нөхөдтэйгээ илүү дотно байдаг ш дээ. Тийм болохоор эцэг, эхчүүд маань найз нь юм шиг дотно байгаасаа, тулгамдсан асуудлыг шийдэхэд туслаасай хэмээн хүсэж байна. Ер нь аав, ээж нар маань багаас нь хүүхдүүдтэйгээ ярилцаж, дундаа хана үүсгэлгүй харилцаж байх хэрэгтэй.