“Эко Алтан Заамар” компанийн уурхайд хоёрдугаар сарын 28-нд осол болж, дөрвөн уурхайчны амь нас үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл МХЕГ-ын Хөдөлмөр нийгэм хамгаалал тусгай хяналтын газрын дарга Л.Төгсбаяр осол юунаас болж гарсныг тогтоосон талаар тайлбарласан юм.
“Эко Алтан Заамар” ХХК-ийн ХАБЭАХ-ын ажилтан энэ оны хоёрдугаар сарын 21-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ хийн захиралдаа хүлээлгэн өгсөн байна. Эрсдэлийн үнэлгээ хийх үед ноцтой хоёр зөрчил илэрчээ.
Нэгдүгээрт: Ажлын байрны зааварчилгааг журам ёсоор хийхгүй. Яг тухайн өдөр хийж гүйцэтгэх ажилтай холбогдуулан зааварчилгаа өгөхгүй байна гэдгийг тогтоосон.
Хоёрдугаарт: Мөс хагарч, уналтаас болж насосчид, ажилчид мөсөнд даруулах, техник хэрэгсэл эвдрэх аюултай хэмээн гаргасан байна.
Хананд тогтсон мөс, хана нурах, мөс хагарч нурах, ажилчдыг дарах, бэртээх, техник хэрэгсэлд даруулах, өндөр хананы нуралтанд хүн дарагдаж амь насаа алдах магадлалтай хэмээн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан осол болохоос долоо хоногийн өмнө уурхайн захиралдаа хүлээлгэн өгч, уурхайн захирал танилцан гарын үсгээ зурсан байна.
Осол болохоос долоо хоногийн өмнө уурхайн хана нурах эрсдэлтэй хэмээн ХАБЭАХ-ын ажилчид дүгнэлтээ гаргасан байхад уурхайн удирдлагууд үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ авч зөрчлөө арилгуулаагүй. Хэрвээ уурхайн захирал үүн дээр арга хэмжээ авч ажилласан бол дөрвөн хүний амь нас эрсдэхгүй байсан.
Тэгэхээр бусад аж ахуйн нэгжийн захирлууд ХАБЭАХ-ын ажилтнуудаа чадваржуулан, тэдний гаргасан дүгнэлтэд ач холбогдол өгч тодорхой арга хэмжээ авч байхыг МХЕГ-аас зөвлөж байна.