Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтын ажил хийжээ. Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 1349 объект шалгалтанд хамрагдсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 39 сая 350 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн нүүрсээр галладаг 14 газрыг цахилгаан халуугуурт шилжүүлснээр жилд түлэх нүүрсний хэмжээг 2125 тонн орчмоор бууруулж, 350 орчим тонн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
Түүнчлэн өнгөрсөн онд ЕБС, цэцэрлэгүүдэд тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийхэд шүүлтүүрийг гялгар ууттай нь ажиллуулж байсан, бохирдол ихтэй, зориулалтын бус өрөөнд ашиглаж байсан зөрчил илэрснийг арилгуулах талаар албан бичиг өгсөн ч одоо хүртэл зөрчлөө арилгаагүй байгааг дахин шалгаж тогтоосон байна.
Зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар найман аж ахуйн нэгжийн 81 автобус хамрагдсанаас 14 автобусны утааны тортогжилтын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их гарсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу ‘’Эрдэм транс’’ ХХК, ‘’Авто терминал трейд’’ ХХК-иудад 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллаж байна.
Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарсан.
Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө түүхий нүүрс нөөцөлж, хууль бусаар худалдан борлуулах зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох тул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэдэгдэж байна.
Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлнэ үү.