“Эко Алтан Заамар” компанийн уурхайд хоёрдугаар сарын 28-нд осол болж, 4 хүний амь нас үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Осолтой холбогдуулан тус компанийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хийсэн шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга н.Батмөнх “Эко Алтан Заамар компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар улсын байцаагчийн 9 заалттай дүгнэлт гуравдугаар сарын 18-нд гарсныг 19-нд Уул уурхайн сайдад хүргүүлсэн.
Уг компани нь улсын комисст уурхайгаа хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Мөн ТЭЗҮ шинээр боловсруулахдаа байгальд орчинд нөлөөлөх байдлын нарийн үнэлгээ хийгээгүй. ТЭЗҮ-д тусгагдсан зураг төслийн дагуу мөрдөгдөх ёстой параметр, уулын ажлын хэмжээсүүдийг баримтлаагүй зэрэг зөрчил илэрсэн. Гидрогеологийн усны судалгаагаар 51 метрт уст үе байгааг компани мэдэж байсан. Гэхдээ устай үеэс хэрхэн зайлуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах талаар зураг төсөлд тусгаагүй нь гулсалт үүсэх гол шалтгаан болсон байна” гэв.
МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын дарга н.Төгсбаяр “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтын журмаа баталсан ч илэрсэн зөрчлийг арилгах зохицууцлалт хийгээгүй байна. ХАБ-ын мэргэжилтэн эрдслийн үнэлгээг хийгээд хоёрдугаар сарын 21-ны өдөр захиралдаа өгсөн байдаг.Үүн дээр хоёр ч ноцтой асуудлыг хөндсөн байгаа. Нэгдүгээрт аюулгүй ажлын зааварчилгаа хэтэрхий нийтлэг байна, хоёрдугаарт өндөр хананы мөс хагарч ажилчид болоод техник хэрэгсэл даруулах эрсдэлтэйг анхааруулсан байсан. Осол болохоос ердөө 7 хоногийн өмнө ингэж анхааруулсан ч компаний захирал үнэлгээний мөрөөр зөрчил арилгах арга хэмжээн аваагүй” гэлээ.