Татварын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед МҮХАҮТ-аас уг хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Татварын орчинг сайжруулахын тулд татварын хуулийг шинэчлэх хэрэгтэй ч сайжруулах байтал дордуулах хэд хэдэн өөрчлөлт орж байгаа тул ээлжит бус чуулганаар хэлэлцэлгүй, хаврын чуулганаар хэлэлцүүлэх албан бичгээ хүргүүлсэн байгаа хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэв.
Тэрбээр шинэ хуульд татварын байцаагчийн эрх мэдлийг нэмснээр их хэмжээний торгууль тавих эрх нээжээ. Иргэд НӨАТ-ын баримтаа өөрсдөө мэдүүлэх үүрэгтэй. Гэтэл ААН-д НӨАТ-ын орлогоо мэдүүлээгүй бол их хэмжээний төлбөр төлөхөөр байна. Татварын байцаагчийн эрх мэдлийг өсгөснөөр авлига өсөх магадлалтай.
Татварын өр барагдуулах, албадан арга хэмжээ авах, эд хөрөнгө битүүмжлэх бол татварын байцаагчийн үзэмжээр шийдэх нь. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр энэ эрхийг байцаагч дангаараа эдлэх болжээ. Аливаа харилцаа хоёр талдаа тэнцвэртэй байх ёстой. Гэтэл энэ хууль нэг талд хэт их эрх мэдлийг төвлөрүүлжээ. Нягтлан бологч санамсаргүй алдаа гаргавал их хэмжээний мөнгөн торгууль үүрэхээр байна.
Эрсдэлтэй гэж яг юуг хэлж тодорхойлж байна гэдгээ илүү нарийвчлах шаардлагатай. Татварын байцаагч эрсдэлтэй байдал үүслээ гэж үзвэл ямар нэг байгууллагын удирдлагын зөвшөөрөл авалгүй ганцаараа шийдвэр гаргах нь буруу.
Бас нэг анхаарал татсан заалт бол гадаадын иргэн 20 сая төгрөгийн татварын өртэй бол хилээр гарах эрхгүй болох нь. 20 сая төгрөг их мөнгө үү? Бид гадаадын хөрөнгө оруулалт татах гэж дээр дооргүй хичээж байхад ийм заалт оруулжээ. Мөн энэ заалтыг зөвхөн гадаадын иргэнд гэж ялгаварлан тогтоосон нь ч буруу. Хүнийг үндэс угсаагаар нь зааглаж болохгүй.
Хувь хүний асуудлыг хуулийн этгээдтэй хольж хутгасан заалтууд бий. Захиалгат ямар ажлуудыг энэ нийгэмд хийж байгаа билээ дээ. Бид бүгд сайн мэднэ. Ер нь маргаан шүүхийн зарчмаар явбал эрүүл болно.
Татварын маргаан таслах зөвлөлийн оролцоо тэнцүү байх ёстой. Энэ зөвлөлд төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл хамтран ажиллах ёстой юм.
Уг хуулинд татварын байцаагчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн хэт нэг талыг баримталсан байгаа тул уг хуулийг анхны хэлэлцүүлэгт буцаахыг нийт гишүүддээ уриалж байна. Дахиж бизнес эрхлэгчдийн саналыг хэлэлцүүлэн Татварын багц хуулиа анхан шатны хэлэлцүүлэг рүү буцаах байх гэдэгт итгэж байна.