АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард Вьетнамын нийслэл Ханой хотод болсон ч уулзалтын уур амьсгал хотын цаг агаартай адил халж, эцэст нь бүтэлгүйтсэн. Төрийн тэргүүнүүд товлосон байсан хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах төдийгүй бусад төлөвлөсөн уулзалтуудыг цуцалж гэр гэртээ харьсан юм.
Уг бүтэлгүй уулзалтын дараа Америкийн Засгийн газар Умард Солонгосын эсрэг анхны хоригоо тавилаа. Умард Солонгос хоригийг зөрчиж цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд нь тусалсан гэх Хятадын усан тээврийн хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авахаа Америкийн Сангийн яам мэдэгдсэн байна.
Хятадын Dalian Haibo олон улсын тээврийн компани болон Liaoning Danxing олон улсын илгээмжийн компаниуд нь Америк ба олон улсын хоригийг зөрчсөн гэж үзжээ. Түүнчлэн Умард Солонгос улсад боловсруулсан түлш шатахуун, нүүрс нийлүүлдэг гэж үзсэн 67 усан онгоцны жагсаалтыг шинэчлэн танилцуулжээ.
Өнгөрсөн сард болсон Вьетнамын уулзалт бүтэлгүйтсэн хэдий ч Умард Солонгосын тал хүсвэл хаалга нээлттэй гэдгийг АНУ илэрхийлж байсан юм.
Эх сурвалж: www.reuters.com