Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн албан мэдээллийг хүргэе. Нийслэл хотод 2019 оны 03 сарын 18-22-ны өдрүүдэд 4 хүний амь нас хохирч, 41 хүн гэмтэж, бэртсэн бол орон нутагт 6 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.
Тухайлбал, СХД-ийн нутаг “Монгол наадам” цогцолбор орох замд амины T.Mark2 автомашин онхолдож зорчигч 20 настай О, 13 настай Д нарын 2 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ба жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдлоо.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг шороон замд Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 21 настай Т-н амь нас хохирсон, СХД-ийн нутаг Зүүн салааны шинэ эцэст марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж H.Aero city маркийн автобусны жолооч үйлдсэн болохыг тогтоосон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослын 23 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 39 осол нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр 3 осол, үл хөдлөх зүйл мөргөсөн 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 191 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллажээ.