У.Сарангэрэл
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өчигдөр хуралдаж бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Мөн банкнаас иргэдэд олгох болон нөхцөлийг нь өөрчлөх тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 60 хувиар шинэчлэн тогтоохоор болсон байна.
Энэ шийдвэрийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан
“Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн хязгаарыг 60 хувиар шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. Эдийн засгийн өсөлт тогтворжиж, инфляцийн төсөөлөл хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Үүнийг харгалзан үзэж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Цаашид дотоод эрэлт хүчтэй мэдрэгдэх тохиолдолд бодлогын хүү өсч болзошгүй гэж үзэж байна. Тэтгэврийн зээлээс гадна хэрэглээний зээлийн өр, авлагын харилцааг бууруулж 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулж аажмаар бууруулах зорилготой юм. Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулна” гэлээ.
Б.БАЯРДАВАА: ЭНЭ ОНД ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ ГАРНА
Хэвлэлийн хурлын үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа энэ онд эдийн засгийн төлөв байдал ямар байх талаар танилцуулсан юм. Монголбанкны зүгээс эдийн засгийн өсөлтийг цаашид хэвээр хадгалагдана гэдгийг онцолж байна. Эдийн засаг сэргэхэд хэд хэдэн үзүүлэлт нөлөөлөх аж. Тэрбээр
“Нэгдүгээрт, 2016 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засгийн суурь инфляци дефляци болтлоо агшиж байсан бол өнөөдөр сэргэж 7-8 хувьд хүрээд байгаа юм. Үүнийг дагаад эдийн засаг дахь ажилгүйдлийн түвшин 2016 оны нэгдүгээр улиралд 11.6 хувьд хүрч өсч байсан бол өнгөрсөн оны сүүлээр 6.6 хувь болж буурав. Өрхийн бодит орлогыг авч үзвэл, 2014-2016 оны хооронд дараалан агшиж байсан бол 2017 оны нэгдүгээр улиралаас сэргэж, 2018 оны сүүлээр 7.4 хувийн бодит өсөлттэй байна. Өрхийн хэрэглээ 2018 сүүлээр 3.3 хувиар өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ 27.2 хувиар өслөө. Төлбөрийн тэнцэл 2017-2018 онд 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Үүнийг Монголбанкны нөөцөд нэмэгдсэн алтаар эргүүлээд тооцвол 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарч байгаа. Гадаад валютын нийт нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол 2019 оны хоёрдугаар сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Зээлийн хүү 20-16.9 хувь болж буурсан нь хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг бүрдүүлсэн. 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувиар өснө гэсэн төсөөлөл байна. Гол хүчин зүйл нь өрхийн хэрэглээ нэмэгдэхээр байна. Хөрөнгө оруулалт хэвийн хэмжээнд тогтворжино. Нүүрсний экспорт нэмэгдэнэ. Бусад салбарын өсөлт үргэлжилнэ. Экспортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг авч үзвэл 2018 онд таатай жил байсан. Харин цаашид буурах хандлагатай гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. Төлбөрийн тэнцлийн хувьд 500 сая ам.долларын ашигтай байхаар төсөөлөл боловсруулж байна. Энэ онд 7.6 хувийн инфляцитай байна гэж үзсэн” хэмээв.
Энэ үеэр сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
-Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарна гэж үзсэн байна. ямар үндэслэлээр ингэж тооцсон бэ?
-Төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарах үндэс нь нэгдүгээрт, нүүрсний экспорт 39 сая тоннд хүрч өснө. Мөн үнэ нь өмнөх оны мөн үеэс 2.1 хувийн өсөлттэй явж байгаа. Худалдааны тэнцэл дээр дарамт байхгүй байна. 1.6 тэрбум ам.доллар гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ. 300 гаруй сая доллар ороод ирчихсэн байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн хүрээнд доноруудаас хуваарийн дагуу орж ирэх санхүүжилт бий. Оны эцэст Хөгжлийн банк бонд гаргасан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа сайн байгаа. Энэ мэт эерэг үр дагаварыг харгалзан үзэж төлбөрийн тэнцэл 500 сая ам.долларын ашигтай гарна гэж тооцоод байна.
-Монголбанк 160 тэрбум төгрөг гаргасан гэдэг асуудал яригдаад байгаа. үнэхээр хууль зөрчөөд аж ахуйн нэгжүүдэд зээл олгочихсон юм уу. хоёрдугаарт, монголбанкнаас арилжааны банкуудад олгож байгаа зээлийн талаар хяналт байдаг уу. банкууд хажуудаа компани байгуулаад үйл ажиллагаа явуулдаг. үүн дээр хяналт байдаг уу?
-160 тэрбум төгрөгийн зээл Улаанбаатар банктай холбоотой зээл байгаа. Ззэлийг төлүүлэх талаар ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Банкууд хажуудаа охин компанитай байж болохгүй талаар хуулийн зохицуулалттай болсон.