Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны 3 сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.
Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин 2016 онд “Сайн ус- Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл”, 2019 онд “Цэвэр ус-Тэгш хүртээмж” уриан дор тэмдэглэх юм.
Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, өөрөөр хэлбэл бараг бүх ажлын байранд ус хэрэглэж, тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Гэтэл тэдгээр устай холбоотой ажил эрхэлдэг сая сая хүмүүсийг огт анзаардаггүй буюу тэдний хөдөлмөрлөх үндсэн эрх зөрчигдсөөр л байна. Энэ жилийн урианы гол санаа нь чанартай, хүрэлцээтэй усан хангамж нь хэрхэн тэрхүү ажиллагсдын амьдрал, амьжиргааг өөрчилж улмаар нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжилд ч эерэгээр нөлөөлөхийг ойлгох ёстой юм.
Эдүгээ Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг билээ. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээж байна.
"Усны өдөр"-ийг Улаанбаатар хотын Ус Сувгийн Удирдах Газрын ажилчид ЕБС-ын сурагчдад уламжлал ёсоор усны тухай хичээл заах юм байна.