Африкийн Замби улсын эрх баригчид Power Natural High Energy Drink SX эрч хүчний ундааг худалдахыг хориглоод байна. Улсын эм бэлдмэл хариуцсан газраас энэ ундааны найрлагад насанд хүрэгчдэд зориулсан виагра багтсан тул хориглох нь зүйтэй гэсэн санал гаргажээ.
SX эрч хүчний ундааг Revin Zambia хувьцаат компани үйлдвэрлэж Уганда, Малави, Зимбабве улсууд руу экспортолдог байна. Одоогоор компанийн зүгээс бараа бүтээгдэхүүнийг нь худалдахыг хориглосонд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Зарахыг хориглоод буй эрч хүчний ундааг уусан эрэгтэйн бие хөлөрч, зургаан цагийн турш бэлэг эрхтэн нь хөвчирсөн тухай гомдол өнгөрсөн жилийн 12 дугаар сард Угандагийн үндэсний эм бэлдмэлийн газарт ирүүлжээ. Гомдлын дагуу шалгахад виаграны хольц илэрч Замби улсын Засгийн газар үйлдвэрлэгч компанид дэлгүүр худалдааны төвүүдэд тараасан SX ундааг эргүүлэн татахыг даалгажээ.
Малави улсад өнгөрсөн нэгдүгээр сараас хойш энэ ундааг худалдах болон худалдаж авахыг хориглосон байна. 500 мл-ийн савлагаатай эрч хүчний ундааг Замби улсын супер маркет, цэнгээний газруудад худалдаалдаг ба ихэнх үйлчлүүлэгчид нь эрчүүд байжээ.
Эх сурвалж: www.theguardian.com