Боинг 737 Мах 8 загварын хоёр ч онгоц таван сарын зайтай осолдсоны дараа дэлхийн улс орнууд ослын талаарх мэдээлэл тодорхой болтол яг ийм загварын онгоцуудаа түр хугацаанд газардуулаад байгаа юм. Эхний онгоц өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезийн Жакартагийн орчимд хөөрөөд 10 гаруй минутын дараа сүйрсэн.
Лион Эйр нислэгийн компанийн Боинг 737 Мах 8 онгоц сүйрч байхад нисгэгчид гарын авлага уншиж байсан тухай The Guardian нийтэлжээ. Индонезид сүйрсэн онгоцны хар хайрцагт бичигдсэнээр нисгэгчид гарын авлагаас онгоцыг гар удирдлагаар удирдаж байхад комманд хүлээж авалгүй доошилж хазайж байгаа шалтгааныг тодруулахаар мэдээлэл хайж байжээ. Лион Эйр нислэгийн компаний онгоц осолдсоноор 189 хүн газар дээрээ амиа алдсан юм.
Этиопийн Засгийн газар, Францын ослын шинжээчдийн баг Боинг онгоцуудын осолд ижил зүйлс байгаа гэж үзсэн
Уг ослоос таван сарын дараа Этиоп Эйрлайнсын Боинг 737 Мах 8 онгоц хөөрөөд зургаан минутын дараа осолдож 157 хүн амиа алдсан. Олон улсын нислэгийн компаниуд ойрхон гарсан хоёр ослыг хоорондоо ижил төстэй тул ямар нэг холбоос, нийтлэг алдаа гарсан байж магадгүй сэжиглэж байгаа юм.
Reuters агентлагт ойрын эх сурвалжуудын өгсөн яриагаар Лион Эйрийн нислэгийг удирдаж байсан ахмад нэгдүгээр нисгэгчид хяналт алдагдаж байгаа тул гар удирдлагыг шалгахыг даалгасан байна. Онгоц хөөрөөд хоёр минутын дараа агаарын хяналтын төвд нислэгийн үеэр асуудал гарсан тухай мэдээлжээ. Онгоцын бүхээгт хийсэн бичлэгт агаарын хурдны тухай нисгэгчид ярьж байсан гэжээ. Нисгэгчид ахмадын заавраар гарын авлагаас мэдээлэл хайж ахмад эцсийн мөчөө хүртэл нислэгийг үргэлжлүүлэхийг хичээсэн ч доошилсоор сүйрсэн юм. Бүхээгт болсон ярианаас тэд сүйрэлд ойртож байгаагаа мэдээгүй ба агаарын хурд, нислэгийн дундаж өндрийн талаар ярилцаж байсан гэжээ.
Reuters-т мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр нислэгийн ихэнх хугацаанд нисгэгчид тайван байсан ба сүйрэхийн өмнө дээрх яриа өрнөж онгоц сүйрэхэд Энэтхэгт төрсөн 31 настай ахмад чимээгүй болсон бол нэгдүгээр нисгэгч Индонезийн иргэн “Аллах Акбар” буюу “Бурхан өршөөг” гэж хэлсэн байна.
Лион Эйрийн зүгээс бүх мэдээллийг шинжээчдэд өгсөн ба илүү мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм.
Харин энэ сарын эхэнд осолдсон Этиопын онгоцны хар хайрцгийн мэдээллийг Францын шинжээчдэд дамжуулсан ба албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Эх сурвалж: www.theguardian.com