Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр АТГ-т мэдүүлэгч өгчээ.
Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОХУ-ын "Ростех" компаниас Монгол улсад ирсэн Эрдэнэтийн 49 хувийг "Монголын зэс корпораци"-д өгөх ажиллагааг Засгийн газрын түвшинд зохион байгуулж, хууль зөрчсөн болон Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа юм. Харин өчигдөр АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан нь зөвхөн Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар гэж эх сурвалж мэдээллээ.
“Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авах, эсэх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25.1.15, Засгийн газрын тухай хуулийн 16.2, 29.2.6, 29.2.7 дахь заалт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.1, Компанийн тухай хуулийн 2.6, Татварын ерөнхий хуулийн 18.1.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” 2007 оны 27 дугаар тогтоол, Монгол Улсын 3асгийн газрын 2009 оны “Журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоол зэрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үздэг.
Уг маргааныг шалгах явцад УИХ-ын архив дахь “УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол”-ын хувийн хэрэгтэй танилцахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт 2016 оны зургадугаар сарын 10-нд ЗГХЭГ-аас УИХ-аар соёрхон баталсан хэлэлцээрийг зөвхөн хуулиар л өөрчлөх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувьтай тэнцэх хөрөнгийг хувьчлах эсвэл хувьчлах хөрөнгийн жагсаалтад оруулахыг УИХ-аар шийдвэрлэх, ОХУ-ын “Ростех” корпорац саналаа дипломат шугамаар ирүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргүүлж байсан нь ил болоод байгаа.
Гэвч Ерөнхий сайд ямар нэг ашиг сонирхлын үүднээс уг зөвлөмжийг хүлээн авалгүй, сонгуулийн өмнөхөн “Монгол зэс”-д 49 хувийн хувьцааг худалдан боломжоор хангаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй хэмээн буруутгагдагдаж, АТГ-т шалгагдаж байгаа юм.
Тиймдээ Ч.Сайханбилэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэтийн 49 хувийн хувьцаа”-тай холбоотой хэрэгт яллагдагчаар татахаар саналаа нийслэлийн Прокурорын газарт нэлээд хэдэн сарын өмнө хүргүүлсэн. Гэвч НПГ-ынхан өнөөг болтол шийдвэр гаргаагүй л байна.