Өнгөрсөн оны гуравдугаар сарын 24-28-нд Швейцарийн Женев хотод Олон улсын парламентчдын холбоо (ОУПХ)-ны уулзалт болсон. Энэ үеэр тус холбооны Хүний эрхийн хорооноос С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх ажиллагааны дүгнэлтийг хэлэлцсэн байна. Хорооны төлөөлөгч 2017 оны есдүгээр сарын 11-13-нд Монгол Улсад ажилласан тайлангаа мэдээлжээ. Бид ОУПХ-ны дүгнэлт, тайлангийн албан ёсны орчуулгыг олж чадаагүй тул онцлох зарим зүйлийг сийрүүлсэн юм.
ОУПХ-ны Хүний эрхийн хороо С.Зоригийг 1998 онд санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгагдсан гурван хүнийг яллах, шүүх үйл ажиллагаа болон цаашдын мэдээллийг олж авах зорилготой Монгол Улсад ажилласан байна. “Шүүх хурал хаалттай хаалганы цаана, нууцалсан баримт нотолгооноос иш татан өрнөжээ” хэмээн төлөөлөгч тэмдэглэлдээ дурдсан байв.
Түүнчлэн “Хэргийг нууцлаг байлгахыг шавдуулсан нөхцөл байдал, нотлох баримтуудыг олны нүднээс далд байлгах гэсэн улс төрийн эсэргүүцэл зэрэг нь олон улсын шударга шүүх ажиллагааны стандартыг мөрдөх бус хүчирхийллийн шинж чанартай байна. Энэ хэрэгт ач холбогдол өгч буй бүх хүний эсрэг айлган сүрдүүлсэн, дарамталсан тухай олж тогтоолоо” гэж дүгнэлтэд онцолжээ.
Монгол Улсын бодлого боловсруулагчид ОУПХ-ны зөвлөмжийг хэрэгжүүлээгүйд хорооны төлөөлөгчид гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн байлаа. Хэрэгт буруутгагдаад байгаа гурван хүнийг тагнуулын байгууллагын үйл ажиллагааны хүрээнд илрүүлж, худал хуурмагаар хэргийг хүлээлгэх шахалт, дарамтыг үзүүлсэн гэж төлөөлөгчид дүгнэсэн байна.
Тэдгээр хүмүүсийг энэхүү хэрэгт таарч тохирохооргүй сэжиг таамгаар буруутгаж буйг тайлбарлах, цагаатгах баримт байсаар байгаа тул түүнд анхаарал хандуулахыг тус хорооны төлөөлөгчид шаардаж байгаа аж. “Хэрэгтэн өнөө хүртэл олдоогүй байгаа. Иймд мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх шаардлагатай. Аллагын захиалагч, жинхэнэ гэмт хэрэгтнийг нуун дарагдуулахад чиглэсэн өнөөгийн үйл явдлын өрнөлд төлөөлөгч гүнээ эмзэглэж байна” гэж тайланд дурджээ.
Бие даасан, хараат бус, эрх тэгш шүүхэд олон улсын болон дотоодын ажиглагчид хандахаас өмнө Монгол Улсын бодлого боловсруулагчид хэргийн нотлох баримт, холбогдогчдыг хойшлуулалгүй ил тод болгох, нээлттэйгээр дахин мөрдөн байцаалт хийхийг төлөөлөгч уриалсан юм байна. Мөн С.Зоригийн болон энэ хэрэгт буруутгагдаад байгаа хүмүүсийн ар гэрт шударга бус байдал заналхийлэлгүй, үнэн мөн ёс үйлчилнэ гэдэгт бат итгэж буйгаа илэрхийлжээ.
“Олон жилийг дамнасан энэхүү гүн гүнзгий итгэл алдарсан байдал нь Монгол Улсын шүүх засаглал улс төрийн болон худалдааны ашиг сонирхлоос ангид байж, хуулийн дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж чадах эсэхийн хамгийн чухал шалгуур болж байна.
Энэ хэрэгт ахиц гаргахад шаардлагатай аливаа зүйлд тус улсын УИХ өндөр ач холбогдол өгч, аль нэг талыг алагчлалгүй ажиллах үүрэг хүлээх ёстой” гэсэн зөвлөмжийг Олон улсын парламентчдын холбооны Хүний эрхийн хороо Монгол Улсын парламентад өгсөн байдаг.
Тэгвэл энэ сарын 18-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр олон нийт төдийгүй хохирогчийн ар гэрт ихээхэн эргэлзээ төрүүлж, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс хүртэл шийдвэр гарган, Улсын Их Хуралд ирүүлсэн. Швейцарьт хийсэн айлчлалын үеэр ОУПХ-ны төлөөлөл албан ёсоор уулзаж, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтийн асуудлыг хөндөж тавьсан. ОУПХ-ноос С.Зоригийн хэргийн асуудлаар хамтарч ажиллах санал тавьсныг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн. Тэрээр өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ОУПХ-ны удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг судалж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс энэ асуудлаар түр хороо байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргаж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, тогтоолын төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа талаараа мэдээлсэн. Түүнчлэн тайланг удахгүй болох ОУПХ-ны Ассамблейн ээлжит чуулганд танилцуулах нь зүйтэй хэмээн чухалчилсан юм.
С.Зоригийг санаатайгаар хөнөөсөн энэ хэргийн мөрдөн байцаалт цааш аль чигт өрнөх, хууль шүүхэд шударга ёс хэрэгжихийг харах хүлээлт дахин үүсээд байна.
Ж.ЦОГЗОЛМАА
2019.3.21 № 59 (6026)