СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-03-21

Х.Болор-Эрдэнэ: Бид том сэдэв рүү хошуурч энгийн атлаа үнэтэй бүхнээ хойш тавьдаг болжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Гүйж яваа эмэгтэй” анхны романаа уншигчдад өргөн бариад буй  МЗЭ-ийн болон “Алтан-Өд” наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, зохиолч-сэтгүүлч Х.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Гүйж яваа эмэгтэй” гэсэн гарчгийг хараад хайр хүрсэн.  Нэг тийм эрч хүч, хайр хүндлэл, бахархал төрсөн. Та зохиолоо яг ингэж бичсэн үү, эсвэл?

-Бага нас бол гүйж, дэгдэж явдаг нэг тийм хөнгөхөн оршихуй. Уйлж дуулаад л дэгдээд л явж байтал өнгөрчихсөн юм шиг хожим санагддаг. Гэвч энэ олон гүйлт дотор ямар их зүйл байсныг бид насанд хүрмэгцээ мартчихдаг. Томчуудын харц, хандлага, нэг нудралт эсвэл санаандгүй ирсэн хүндлэлийг энэ л насанд маш тодхон тогтоож авсан байдаг. Нас ахих тусам бид багын явдлуудаа улам тод санаж эхэлдэг дээ. Ер нь хурд бол илүү ихийг мэдрүүлж, илүү ихийг үзүүлж, илүү ихийг туулуулдаг хүч. Яг тэр утгаараа бяцхан охин гүйсээр л яваад ямар ихийг туулж байгааг, яг түүний сэтгэл дотор ямар их мэдээлэл, мэдрэмж, тэмүүллүүд дагаад гүйж байсныг төсөөлж суулаа. Хэдий тэр охин бага балчир байсан ч гэлээ эцэг эх, гэр бүлдээ очихын тулд тэднийг нь аваад одсон галт тэрэгний араас зогсолтгүй гүйж эхэлсэн юм байна гэж харсан. Оюун санаа нь хэдийнэ насанд хүрсэн эмэгтэй хүний туулж давах тэрхүү урт холын бэрхшээлд бэлтгэгдэж эхэлж байгаа тийм дүр зураг л санаанд минь гүйгээд байсан. Тиймээс би гол баатраа шууд л хайр­ла­сан. Түүний мэдэрсэн агшин бү­рийг сэтгэл шимшрэн төсөөлж байлаа.

-“Гүйж яваа эмэгтэй” гэхээр бас Х.Болор-Эрдэнэ өөрөө ч нүдэнд харагдах шиг болж байсан шүү. Эх орноосоо хол хэдэн жил болчихов доо?

-Яг дөрөв  дэх жилтэйгээ золгож байна. Алмайрч явсаар байтал энэ цаг хугацаа арай л хурдан гүйгээд эхэллээ.

-Өмнө нь үргэлжилсэн үгийн зо­хиолын төрөлд өгүүллэг, тууж ол­н­ыг бичсэн. Роман бичих ямар байв?

-Бичих явцдаа би өмнөх Болор биш болжээ гэдгээ л их сайн мэдэрсэн. Гэхдээ хуй салхи шиг тэр эрчим маань азаар надаас гээгдээгүй байгааг ойлгосон. Би илүү ихээр нүдээ нээсэн байна. Ээмэг зүүлт, сэвсгэр үсний тухай огт бодохоо больсон байна. Би хүний үнэт чанарыг гадаад төрх тодорхой хэмжээгээр илчилдэг гэдэг бодлоосоо ичдэг болсон байна. Миний зүүдэнд илүү олон өнгийн хүмүүс ирдэг болсон байна. Өмнө нь зөвхөн л монгол хүн зүүдэлдэг байсан бол одоо хар, шар, цагаан, улаан хүмүүс зүүдэнд минь ирж элдвийг ярьдаг болсон байна. Би хүмүүсийн тухай илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан бол одоо тэдний сэтгэл рүү өнгийж харахаас ч эмээдэг болсон байна. Хэн нэгний багтай нүүртэй биш, хэнхдэг цээжин доторх тэрхүү сэтгэлийн өнгөтэй л харьцахыг илүүд үздэг болсон байна. Үнэндээ маш их залхсан байна. Ийм мэдрэмжийг хүлээн авч байгаа учраас одоо би роман бичиж болох хэмжээнд хүрснээ өөртөө хүлээн зөвшөөрсөн.

-Ер нь сүүлийн хэдэн жил уран бүтээлээ нэлээд завсарласны эцэст үзгээ шүүрч авсан уу, эсвэл?

-Одоо л бичих ёстой, хэтэрхий их цаг өнгөрчээ гэж бодож бичсэнгүй. Бичмээргүй байвал би дахин хэзээ ч бичихгүй явж чадна. Энэ үзэг, цаас надад огт хэрэггүй юм шиг, би энэ уран зохиолын ертөнцтэй огт хамааралгүй юм шиг амьдраад байж чадна. Түүнгүйгээр амьсгалж ч чадахгүйгээ мэдэрсэн энэ тэр гэж худлаа хальмааргүй байна. Энэ сэдэл гэдэг зүйл, сэтгэл хөдөлгөм түүх хоёр л өөрийн эрхгүй цахим товчнуудаа балбаж эхлэхэд хүргэсэн.

– “Хишигт” туужаа блогтоо тавьж, олон хүнд уншуулж, хэ­лэл­цүүлэг өрнүүлж бичсэн. Тэр жиш­гээр романаа бичсэн гэж ойлгосон. Тэгэ­хээр олон хүнд ташуурдуулж бичжээ дээ?

-Надад хүмүүс их хэрэгтэй. Ялангуяа, маш үнэнч эрчимтэй, дүр эсгэдэггүй хүмүүс намайг их баярлуулдаг. Яг ч намайг бас биш юм аа. Миний дотор байгаа тэр бичээчийг. Тийм хүмүүсээс над руу онгод гэдэг юм нь урсан орж ирээд байх шиг санагддаг.

-Номын оршилд  “Хилийн чанадад ажиллаж, амьдардаг эцэг эхээсээ хэдэн мянган бээрийн алсад үлдсэн ч өдөр, шөнө бүхэн сэтгэл зүрхэндээ тэдэнтэйгээ үргэлж хамт байдаг Монголын зуу зуун хүүхдэд энэ бүтээлээ зориулав” гэсэн нь зүрх рүү нэг юмаар хатгаад авах шиг болж байна шүү. Таны зохиолоороо хэлэхийг хүссэн санаа энэ үү?

-Тийм ээ. Бидний хайхардаггүй, жижиг гэж орхидог бүх зүйл дотор хамгийн чухал утга санаа оршиж байдаг. Анзаарагдамгүй хүмүүсийн дотор агуу түүхүүд нуугдсан байдаг. Бид хэтэрхий том сэдэв рүү хошуураад амьдралын энгийн, жирийн зүйлс дотор байдаг үнэ цэнэтэй бүхнээ хойш нь тавьдаг болчихож. Өглөө босоод аяга кофе уухдаа, өдөр мэндлээд өнгөрсөн жирийн танилдаа, хажууд байж л байдаг хань ижил, үр хүүхэддээ нийгмээрээ үл тоомсорлон хандаж байна. Төр, засаг ч яг ийм л байна. Хүүхдүүд л энэ хайхрамжгүй бүхний хамгийн том золиос нь болж байна даа гэж бодсоор л явсан. Тиймээс удаан бодож явсан санаагаа энэ романаар илэрхийлэн гаргаж санаа амарсан.

-Бодит хүний түүхээс сэдэвлэж зохиол бичсэн юм байна. Гол баатраа яаж олж авсан бол?

-Жирийн л нэг өдөр. Жирийн л нэг танил хүмүүс. Өнгөрсөн зун өөрийн хотынхоо наадмыг энд байдаг хэдэн уран бүтээлч бид хамтран зохион байгуулсан юм. Бид нийлээд ботгоны өмсгөл оёж байсан юм л даа. Яагаав, хүүхдүүд өмсөөд хөөрхөн бүжиглээд байдаг даа. Тийм хэдэн хөөрхөн ботгоны өмсгөлтэй болъё гээд манайд цуглаад бөөн үйлдвэрлэл явуулж байсан юм. Бид юмаа оёнгоо өөр өөрийн үзсэн туулснаа ярьж байлаа. Гэтэл нэг ээж өөрийн охины энэ түүхийг нулимстай ярьж өгсөн юм. Би бүр эхэр татаад уйлчихсан. Амьдын хагацал гэж ямар аймшигтай болохыг би дэндүү сайн мэднэ. Тэгээд л сэтгэлээс огт гарахгүй хагас жил гаруй тархин дотор явсан. Би тааралдах бүртээ бага багаар асуугаад л байсан. Мэдээллээ баяжуулан судлахын тулд циркчдийн амьдрал, уран нугараачдын бэлтгэл, тэр талаарх бүхий л ертөнц рүү шумбан орсон. Би ажиглаж суух их дуртай. Заримдаа нэг зургийг тасралтгүй хэдэн цагаар ч ширтээд суучихдаг. Би гол баатар охиныхоо зургийг яг тэгж ширтдэг байсан.

-Хүүхдийн сэтгэлзүйд нэвтэрсэн бүтээл гэж уншигч дүгнэсэн байсан. Хүүхдэд зориулж, тэдний үгээр, тэдний бодол санаагаар бичих амаргүй байх?

-Би өөрөө хүүхэд байсан шүү дээ. Хүүхэд насны үйл явдлууд сэтгэлд маш тод байдаг. Харьцангуй эрт ухаан орсон юм уу гэж би өөрийгөө боддог. Хөлд оруулдаг өндөр хөлтэй, ёроолдоо жижигхэн дугуйтай тэргэн дотор алхаж байснаа санадаг юм. Тэрнээс хойшх өдрүүдийг миний тархи маш сайн бичиж авсан. Зарим зүйл ухаад авчихсан мэт ор сураггүйн дунд мартагдсан ч гэсэн миний бага насанд байсан бүх хүний харц, хөдөлгөөн, хандлага, тэдгээрийн талаарх өөрийн бодлуудаа би маш тод санадаг. Миний жинхэнэ дүр төрх тэр үед л үлдсэн. Тиймээс жинхэнээрээ бодож, жинхэнээсээ ярихад надад харин ч амар санагддаг.

-Цаашид шинэ уран бүтээл төлөвлөж байна уу. Эсвэл бүтээлийн санаа гэнэт төрдөг  юм уу?

-Төлөвлөөд бас ажиллаад эхэл­чих­сэн зүйл байгаа. Гэнэт эсвэл алгуурхан хоёрын аль нь болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан тархин дотор бүх зүйлс байр байраа олох хүртэл би хадгалж явдаг. Энд тэнд тэмдэглэж бичих ч дургүй. Сайн боловсорсон тэрхүү мэдээллээ л би өөрийн аргаар зураглан буулгадаг.

-Та тэгээд төлөвлөгөө огт гарга­даггүй гэж үү?

-Үгүй ээ, би ганц мод л зурчихдаг.

-Уучлаарай. Мод зурж төлөвлөгөө хийдэг гэж үү. Эсвэл?

-Тийм ээ, цаасан дээр нэг том мод л зурчихдаг. Тэр модыг надаас өөр хүн ойлгохгүй л дээ. Зохион байгуулалт, төлөвлөлт сайтай хүмүүст харуулах ч юм биш. (инээв) Тэгээд салаа мөчир, навч, жимсээр нь зохиолдоо гаргах гэсэн санаануудаа тэмдэглэчихдэг юм. Нэг их сүртэй юм биш ээ.

-“Гэр бүлээрээ дэлхийгээр тойрч аялахыг хүсдэг” гэж олон жилийн өмнө нэг ярилцлагадаа дурдаж байсныг санаж байна. Мөрөөдлөө  жинхэнээс нь  биелүүлж явна. Одоо та юу хүсч мөрөөдөж байна вэ?

-Ямар ч байсан явсан зам, үзэж туулсан зүйлс өмнөхөөсөө арай их болсон. Мөрөөдөл яриад суудаг насаа би давчихаж. “Хэнд ч, юуг ч тайлбарлах шаардлагагүй. Зүгээр л үзүүл” гэж одоо өөртөө хэлдэг болсон. Өнөөдрийг хүртэл дориун мэ­дээ­лэл, ухаарлыг энэ тархи хүлээж авлаа. Цаашдаа ч энэ архив улам зу­заарна. Олсон, ойлгосон бүхнээ, таны бас бусад хүний анзаараагүй орхисон тэр энгийн зүйлс жинхэнэ эрдэнэ байсан гэдгийг л чадлаараа чангааж зүлгэж харуулъя гэж боддог болсон.

2019.3.21 № 59 (6026)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.