СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-21

Хүүхэд хүчирхийлүүлж, зэрэмдэглүүлсэн тохиолдлыг тоолсоор л суух уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө


Манай улсад хүүхдийн эрх зөрчигдөж, хүчирхийлэлд өртөх явдал улам бүр гаарлаа. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчийг багш нь зодож, улмаар элэг нь бяцарсан гэх оноштойгоор хагалгаанд ороод байгаа. Мөн дөрвөн настай хүүг хойд эцэг нь “Орондоо шээлээ” хэмээн хоёр ч хүнд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт хэд хоног ухаангүй хэвтэх хүртэл нь зодсон хэрэг гарав. Энэ хэрэг нийгмийг цочирдуулахтай зэрэгцэн найман настай охиныг төрсөн эцэг нь удаа дараа хүчирхийлсэн гэх сэтгэл өвтгөсөн мэдээллийг албаныхан ярилаа. Сүүлийн долоо хоног хүрэхгүй хугацаанд дээрх хэргүүд ар араасаа гарсан нь Монголд хүүхдийн хүчирхийлэл, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг илтгэж буй тодорхой баримт юм. Үүнийг бататгах гэсэн шиг хууль, хяналтын байгууллагынхан зарим хэвлэлд Энд нэг зүйлийг онцлоход дээрх тоо бол зөвхөн хууль, хяналтын байгууллагад хэн нэгэн хандсанаар ил болсон гэмт хэргийн тоо.

Үүний цаана далд хэлбэрээр одоог хүртэл хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсээр байгааг мартаж болохгүй. Тэгвэл одоо бид юу хийх ёстой вэ. Инээж, эрхэлж, тоглоод гүйж байх насны алдрай бяцхан үрсээ харгис эцэг, эхийн гарт зодуулж, хүчирхийлүүлсээр байх уу. Үүнд хүүхдийн төлөө сэтэртэй төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар хариулт өгөх вэ. Бүгдээрээ “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилтийг маш сайн хангах хэрэгтэй” гэсэн хариулт өгөөд л сууж байх уу. Эсвэл 108 тоот дугаарын утаст хэн нэгэн “Тэнд хүүхэд хүчирхийлүүлж, зодуулж байна” гэх дуудлага өгөхийг хүлээгээд суух уу.

Хүчирхийлэгчийг хэн даврааж байна вэ

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Энхбаясгалан “Гэр бүлийн орчинд үйлдэгддэг хүчирхийллийг ихэвчлэн хөрш, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь л хуулийн байгууллагад хандаж илчилдэг. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй нийт эмэгтэйчүүд, хүүхдүүдийн олонх нь амьдралын баталгаажих түвшин доогуур, хүчирхийлэгч нь гэр бүлээ тэжээдэг байх нь элбэг. Энэ тохиолдолд гэр бүлийн хүн нь дийлэнхдээ тэвчих замыг сонгосон байдаг нь судалгаагаар тогтоогдсон. Тэд “Хэрэв миний хүүхдийг хүчирхийлээд байна гээд цагдаад мэдэгдвэл орлогын эх үүсвэргүй болно. Мөн хуулийн байгууллагаас ногдуулсан ямар нэгэн шийтгэлийг хүлээснийхээ дараа бүр илүү хохирол учруулж мэднэ” гэх айдсаасаа болж хэргийг нуун дарагдуулдаг байна. Энэ нь хүчирхийлэл үйлдэгчийг улам өөгшүүлж буй нэг хэлбэр” гэв. Түүнчлэн “Хүүхдийг сэтгэл санаа, бие мах бодийн хүчирхийлэлд өртүүлж буй олон шалтгаан бий. Тодруулбал, гэр бүл буруу төлөвлөлт, архины хамаарал, боловсролын байдал, ажилгүйдэл зэрэг нь голлон нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг боловсролын нөхцөл байдлаар авч үзвэл бүрэн дунд буюу түүнээс доош боловсролтой эрэгтэйчүүд хүүхдийн эрхийг зөрчих тохиолдол элбэг байдаг” гэсэн юм.

Эцэг, эхчүүдэд хүчирхийллийн эсрэг нөлөөллийн арга хэмжээ үгүйлэгдэж байна гэв

Хүүхдийн тусламжийн утас болох 108 дугаарт бүртгэгдсэн дуудлага, мэдээллээс авч үзье. Тус дугаарт 2018 онд бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэх 1383 дуудлага бүртгэгдсэн. Бэлгийн хүчирхийллийн шинжтэй 300 дуудлага бүртгэгджээ. 2019 он гарсаар бие махбодийн хүчирхийлэлд өртсөн 401 дуудлага, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 38 дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх тоон мэдээлэл зөвхөн гурван сарын дотор бүртгэгдсэн дуудлага. Энэ нь цаанаа хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж буйг харуулсаар байна. Гэр бүлийн орчинд үйлдэгдсэн хүүхдийн хүчирхийлэл нийт дуудлагын 79.8 хувийг эзэлдэг байна. Энэ мэт хүүхэд сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн тоон мэдээлэл хэчнээн л бол хэчнээнийг албаныхан хэлж чадна. Гол нь тэд юу хийж байна вэ. Энэ асуултад хамгийн түрүүнд хариулт авах ёстой газар бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын үндэсний төв билээ. Иймд тус байгууллагаас хүүхдийн хүчирхийллийн эсрэг ямар ажил өрнүүлж байгааг тодрууллаа. Тус байгууллагаас “Гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд холбогдох байгууллагуудын оролцоо хийж хэрэгжүүлж буй ажил туйлын чухал. Төрийн байгууллагуудын харьяа жижиг нэгж болох дүүрэг, хороодын Засаг дарга, өрхийн эмч, цагдаа нарыг чадавхжуулж ажиллах шаардлагатай.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ЦЕГ, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх уулзалт хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулсан. Энэ бол хүүхэд хүчирхийллийн эсрэг хийж буй ажлын нэгээхэн хэсэг. Тухайн хэлэлцүүлэг нь есөн дүүрэгт өрнөсөн бөгөөд дүүрэг тус бүр 630 хүнийг хэлэлцүүлэгт оролцуулж хүүхдийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргийн хор хөнөөлийн талаар мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулсан. Мөн улсын хэмжээнд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалт зохион байгууллаа. Сургалтад 53 мянган эцэг, эх хамрагдаж сургуулийн өмнөх болоод Ерөнхий боловсролын сургуулийн 820 багш, сурган хүмүүжүүлэгчийг хамруулсан. Эерэг арга гэдэг нь хүүхдийг зодож, тамлах биш, аливаа асуудлыг хэлж ойлгуулах нь зөв гэдгийг нийт эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд түгээхийг зорьсон. Иймд хүүхдүүд, эцэг эхчүүдийн дунд эрх зүйн ойголт, хүчирхийллийн хор уршигийн талаарх мэдээлэл, сургалтыг байнга зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай. Мөн гэр бүл, эцэг, эхчүүдэд хүчирхийллийн хор хөнөөлийг ойлгуулах, хүүхдийг хэрхэн зөв хүмүүжүүлж, асран хамгаалах талаарх нөлөөллийн арга хэмжээ байнга зохион байгуулах хэрэгтэй” гэсэн юм.


Б.Оюунжаргал

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.