СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-03-21

Зохиогчийн эрх зөрчсөн 63 тохиолдолд 95.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Оюуны өмч дундаа зохиогчийн эрхийн асуудал, бүтээлийг нь хуулбарласан тохиолдолд авах хариуцлагын арга хэмжээ дутмаг байдгийг зохиогч, уран бүтээлчид ярьдаг. Сүүлийн жилүүдэд тоо нь эрс нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэвч төрж буй бүтээлийн чанарыг хэмжихэд хэцүү. Энэ хугацаанаас хойш бүтээлийг нь олон нийт ашиглаж болох юм. Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд утга зохиол, хөгжим, жүжиг, радио, телевизийн нэвтрүүлэг, дуу авиа, дүрс бичлэгийн бүтээл, зураг, уран зураг, баримал, фото зураг, архитектур, үүсмэл бүтээл туурвил, программ хангамж ордог. Харин ардын урлагийн бүтээл болох ерөөл, магтаал, домог, зүйр үг, оньсого нь шууд хэлбэрээрээ зохиогчийн эрхийн бүтээлд хамаардаггүй. Оньсого таах тоглоом, зүйр үгийн номын эмхэтгэл, ерөөл, магтаал тоглож буй бичлэг, буддаг ном гээд бүтээл болговол хамруулж болдог юм байна. Энэ талаар Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Зохиогчийн эрхийн гэрчилгээг олгох гол шалгуур нь юу байдаг вэ?

-Тухайн хүн өөрөө зохиол бүтээлээ хийж, туурвисан байх шаардлагатай. Энэ нь анхны гар бичмэл, файл хэлбэрээр, ном болгож хэвлэсэн гэх мэтээр нотлогддог.

- Сүүлийн жилүүдэд зохиогчийн эрхийн гэрчилгээний тоо өсөөд байна. Аль салбарт ямар үзүүлэлттэй байна вэ?

-Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман төрөлд хамаарах бүтээл 90 орчим хувийг эзэлж байна. Тэдгээрээс гадна кино урлагийн бүтээлээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авагчдын тоо нэмэгдсэн. Уран бүтээлчид гаднын кино наадамд оролцохын тулд авч байна. Мөн бүтээлийг нь хууль бусаар дамлан худалдаалагсад олширч байгаагаас үүдэлтэй болов уу.

-Кино уран бүтээлчдийн бүтээлийг зах, дэлгүүрт “сd, dvd” хэлбэрээр зардаг шүү дээ. энэ тал дээр арга хэмжээ авдаг уу?

-Эрүүгийн цагдаагийн алба зэрэг холбогдох байгууллагууд арга хэмжээ авна. Өнгөрсөн онд манайхаас цагдаатай хамтарч, дээрх үйл ажиллагааг бууруулах зорилгоор “Нарантуул” худалдааны төвд шалгалт хийсэн. Шалгалтаар киног видео хэлбэрээр худалдаалж байгаа хүмүүст хариуцлага тооцож, заримынх нь хууль бус орлогыг хурааж авсан. Үр дүнд нь худалдагчид хуулийн хүрээнд асуудалд хандаж, хариуцлага нэмэгдээд байгаа. Мөн тухайн үеийн эрэлтээс хамаарч бүтээлийг хуулбарлах нь бий. Жишээлбэл, хичээлийн шинэ жилийн үеэр сурах бичгийг хуулбарлах зөрчил өсдөг.

-Зохиогчийн эрхийг зөрчвөл ямар хариуцлага тооцдог вэ?

-Зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзвэл эрхийг эзэмшигч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “Оюуны өмчийн газар”-т гомдол гаргана. Гомдлыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэнэ. Зөрчилтэй бараа бүтээгдэхүүн, эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хураах болон учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах зэрэг албадлагын арга хэмжээг хуулийн дагуу авч болно. Шийтгэлийн хувьд хүнийг 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгож байна.

-Хэр их зөрчил гарч байна вэ. Яаж зөрчлөөс сэргийлэх вэ?

- Өнгөрсөн жил иргэд , байгууллагаас нийт 193 өргөдөл гомдол хүлээж авснаас зөрчлийн шинжтэй 143 гомдлыг шалгасан байна. Үүнээс 63 гомдолд зөрчлийн хэрэг үүсгэн шийдвэрлэсэн. Нийт 95.7 сая төгрөгийн торгууль ногдуулж, 39.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг хураасан. Зөрчлөөс сэргийлэхийн тулд хүн хүний л хариуцлага яригдана. Уран бүтээлчид хоорондоо зохиогчийн эрхийн зөрчилгүй байх нь хамгийн чухал. Тухайлбал, нэг кино бүтээлээ гэхэд зохиол, хөгжим, дууны үг гэх мэтээр тус тусдаа хүмүүс бүтээсэн байдаг учраас хэн нь яаж зохиогчийн эрхээ эдлэх вэ гэдэгт тохирч, гэрээндээ тусгах хэрэгтэй.

-Тэгэхээр уран бүтээлчдийн зохиогчийн эрхтэй холбоотой маргаан үүсч байв уу?

-Одоохондоо тийм маргаан гараагүй байгаа.

-Зохиогчийн эрхийн бүтээл хэр чанартай гарч байгааг хаанаас хянах вэ?

-Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулсан тохиолдолд эдийн засгийн хувьд бүтээл нь эргэлтэд орох боломж бүрдэнэ. Бусдад хүрэх боломж нь нээгдэнэ гэсэн үг. Мөн бүтээлээ алдахгүй байхаас сэргийлдэг.

-Зохиогчийн эрхийн гэрчилгээ авах үнийн хувьд ямар байдаг вэ?

-Шинээр материал бүрдүүлэхэд шинэ бүтээл болон барааны тэмдэг 20 мянган төгрөг, ашигтай загвар 10 мянга, бүтээгдэхүүний загвар 16 мянган төгрөгийн хураамжтай байдаг. Бусад бүрдүүлэх материал, хууль журам гээд бүх мэдээлэл манай цахим хуудас дээр нээлттэй байгаа.

-Зохиогчийн эрхийн гэрчилгээг ямар үед хүчингүй болгодог вэ?

-Хүчингүй болгоно гэхээс илүү хэн нэгэн этгээд тухайн бүтээлийг миний бүтээл гээд маргаан үүсгэвэл эрх нь шилжих асуудал яригдана. Өөрөөр цуцлах, хүчингүй болгох боломжгүй. Насан туршдаа буюу нас барснаас хойш 50 жилийн дараа хүчингүй болж, бусад хүн ашиглаж болно.

М.Үүрийнтуяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.