Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2018 оны сүүлчээр хийсэн тооллогоор Монгол улсын хэмжээнд 3,800 соргог бөхөн нутагшиж байна. Энэ нь жилийн өмнөхөөс 40 хувиар буурсан гэдгийг сангийн зүгээс мэдэгджээ.
Нэн ховор ан амьтанд тооцогддог соргог бөхөнгийн тоо жил ирэх бүр багасч байгаа нь ган гачгаас болж хүнс тэжээл хомсдсоноос үүдэлтэй гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн тэргүүн Д.Батболд Синьхуа агентлагт ярьсан байна.
Д.Батболд “Монгол дахь соргог бөхөнгийн тоо толгой олон жилийн турш тогтворгүй байна. Цаг агаарын эрс тэс байдал, халдварт тахал зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна” гэжээ.
Тухайлбал 2001 онд улсын хэмжээнд ердөө 750 соргог гөрөөс тоологдож байжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд 2016 онд соргог бөхөнгийн тоо толгой 14,000-д хүрсэн юм. Гэвч үүнээс хойш цаг агаарын хатуу ширүүн уур амьсгал, өвлийн зуд, зуны ган гачгаас болж хэдэн мянгаараа буурчээ.
Соргог бөхөнгийн тоо толгойг хамгаалж үлдэхийн тулд дахин нутагшуулах нь чухал гэж үзэж байна. Одоогоор эдгээр амьтад Говь-Алтай, Ховд, Увс гэсэн баруун бүсийн аймгуудад нутагшсан байдаг.
Эх сурвалж: www.xinhuanet.com