Хэвтүүл хөдөлгөөний залуус Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өргөдөл өгчээ
Хэвтүүл хөдөлгөөний зохицуулагч Л.Алтансүх "60 тэрбумын схемийн үр дүнд бий болсон Засгийн газар болон УИХ-ын гишүүд 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлэлгүй гурван жил боллоо. Дээрээс нь ЖДҮХС болон бусад сангаас иргэдийнхээ боломжийг хулгайлсан үйлдлүүдийг удаа дараа хийснийг жигшин зэвүүцэж байна. 155 060 ААНБ Монгол улсад байдаг. 78 815 ААНБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 62 812 ААНБ ЖДҮ-ийн салбарт багтдаг.
Энэ салбарт нийтдээ 800 гаран мянган иргэн ажиллаж байгаа. Иргэдийн амьжиргаа өдөр ирэх тусам хүндэрч байна. Долларын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна.
Гэтэл улс төрчид нь 3 хувийн хүүтэй зээл аваад иргэддээ 10 гаран хувийн хүүтэй зээлж, иргэдээсээ мөнгө хүүлж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан үйлдэл удаа дараа гаргалаа.
Иймд бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх "хууль зөрчсөн байж болзошгүй" гэсэн үндэслэлийг гаргаж АТГ-т гомдол гаргаж байгаа юм.
Нэг сая гаруй Монголын иргэд хохирчихоод байхад таг дуугай сууж болохгүй. Бүгдээрээ нэгдэж тэмцье гэж уриалж байна. Үг бүртээ шударга ёс дурддаг Ерөнхий сайд маань өөрөөсөө шударга ёсоо эхэлж, Монгол улсын хуулийг иргэн бүрт тэгш хүртээх зарчмыг биелүүлэх байх гэж итгэж байна" гэлээ.
Уг гомдолд,
Хэвтүүл хөдөлгөөний гишүүн Лодойн Алтансүх би Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд холбогдуулан эрүүгийн хуулийн 22.5.2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.
Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэвч Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Үндсэн хуульд заасан хууль биелүүлэх ажлаа хийх бус өөрийн удирдсан Засгийн газрын харьяа тусгай сангийн мөнгөөр зохион байгуулалттайгаар өөртөө болон өөрийн Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын нэр бүхий гишүүдийг хахуульдаж хууль зөрчсөн талаар ХМХ-ээр олонтаа дурдагдаж байгаа нь Эрүүгийн хуулийн 22.5-д заасан "Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй" гэж үзэхэд хүргэж байна.
Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өөрийгөө Ерөнхий сайдад дэмжүүлж санал авсан болон өөрийн Засгийн газрыг хамгаалж санал өгүүлсэн УИХ-ын гишүүдийн дийлэнх Засгийн газрын дэмжлэгтэйгээр ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан гишүүд байна.
Түүнчлэн Засгийн газрын харьяанд байх тусгай сангийн хөрөнгөөр албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуульдсан УИХ-ын гишүүдийнхээ тусламжтайгаар ШХАБ /Шанхайн хамтын ажиллагааны байгууллага/-д элсүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа явдал нь түүнийг хахуулийн хэрэг, Монгол улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгаа тул энэхүү гомдлыг хүлээн авч шалгаж өгнө үү.
Гомдол гаргасан Лодойн Алтансүх