Өнөөдөр цахим орчинд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг цагдаа хүчний байгууллагынхан баривчилж авч явсан үеийн бичлэг ТРЭНД боллоо.
2012 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Н.Энхбаярыг гэртээ сууж байхад нь баривчилж авч явсан байдаг. Тухайн үед түүний эзэмшлийн гэгддэг ТВ-9 телевизийн сурвалжлах баг дэргэд нь байсан бөгөөд энэ бичлэгийг авч үлджээ.
"Оймсыг нь гозолзуулсан" гэгдэх энэхүү бичлэгийг түүний хүү Э.Батшугар өнөөдөр дахин гаргасан бөгөөд өөрийн пэйж хуудсаараа sponsorod хийж түгээсэн нь цахим орчинд ТРЭНД болсон шалтгаан нь ч байж магадгүй юм.
Бас нэг шалтгаан
Н.Энхбаяр Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржид ялагдсан түүхтэй. Түүнийг Ерөнхийлөгчөөс буусны дараа авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж "оймсыг нь гозолзуулсан" үйл явдал өрнөсөн. Энэ бүхний захиалагчийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гэж "хардаж" байгаагаа Н.Энхбаяр болон түүний намынхан нэг бус удаа хэлсэн байдаг.
Тэгвэл урд шөнө /2019-03-19/ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэрт цагдаагийнхэн нэгжлэг хийж түүхийн дурсгалт гэж хэлэгдэж болохоос эхлээд орчин цагийн алдартай мянга шахам уран зургийн цуглуулга олсон. Өөрөөр хэлбэл түүнийг өмнөх Ерөнхийлөгчийн адил шалтгаанаар хууль хяналтын байгууллага шалгаад эхэлжээ гэсэн үг.
Яг энэ үеэр дээрх бичлэгийг хүмүүст дахин "сэргээн сануулж" байгаа нь өөрөө учир шалтгаантай байж мэдэх...