Ирэх 2020 оны зуны Олимпийн наадмыг Япон улс зохион байгуулна. Тус улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Цунэказу Такеда авилгын хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцроод байна.
Франц улсын прокурорын газрын хийсэн шалгалтаар Цунэказу Такеда 2020 оны Олимпийн наадмыг Токиод зохион байгуулах эрх авахын тулд хоёр сая еврогийн авилга өгсөн гэж буруутгажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Токиотой хамт Испанийн Мадрид, Туркийн Истанбул хотууд өрсөлдөж байсан юм. 2013 онд өрсөлдөөний ялагчаар Токио шалгарч 32 дахь удаагийн зуны Олимпийн наадмыг зохион байгуулах нэр хүндтэй үүргийг хүлээжээ.
Японы Олимпийн хорооны Ерөнхийлөгч Олон улсын Олимпийн хорооны гишүүн асан, дэлхийн тамирчдийн холбооны дарга асан Ламин Диакын хүү Папа Массата Диакт авилга өгсөн гэж Францын прокурорууд үзсэн байна. Сенегалийн иргэн Папа Массата Диакыг ч мөн авилгын гэмт хэрэгт буруутгаж байгаа ч тэрээр хэргийг эрс үгүйсгэжээ.
Япон улсын Засгийн газар өрсөлдөөн цэвэр явагдсан, Токио хот Олимпийн наадам зохион байгуулах эрхийг шударгаар олж авсан гэсэн байр сууриа хамгаалсаар ирсэн. Тус улсын Олимпийн хороо 2016 он гэхэд хууль бус хэргүүдийг таслан зогсоож, хууль бус хэрэгт холбогдсон бүх албан тушаалтнуудаа цэвэрлэсэн гэж мэдэгдсэн байна. Францын мөрдөгчдийн авилга гэж үзсэн мөнгийг Японы Олимпийн хороо заавар зөвлөгөө авсан үйлчилгээний хөлс болгон албан ёсоор төлсөн тул хууль бус үйлдэл биш гэж үзсэн.
Цунэказу Такеда огцорсныхоо дараа “би хууль бус үйлдэл хийсэн гэж бодохгүй байна. Энэ үйл явдал намайг шархлуулж байгаа ч хүлээсэн үүрэг хариуцлагынхаа дагуу албан тушаалаа хүлээлгэж өгөх нь зүйтэй” гэж мэдэгдсэн байна. Тэрээр Японы Олимпийн хорооны даргын үүрэг гүйцэтгэх хугацаа энэ жилийн зургадугаар сард албан ёсоор дуусах ёстой байсан юм.
Японы Олимпийн хороо 2001 оноос хойш Ерөнхийлөгчөөр ажилласан Такедагийн огцрох шийдвэрийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: www.bbc.com