Галбадрахын Отгонцэцэг 25 настай, жүдогийн тамирчин. -48 кг-ийн жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг тэрбээр "Рио 2016" олимпоос хүрэл медаль хүртсэн. Жүдогийн Гран пригийн гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай энэ тамирчин 2012 оноос Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд барилдаж байгаад 2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй.
Иргэншлээ сольж Казахстаны тамирчин болсноосоо хойш хоёр жилийн дотор дэлхийн шилдэг жүдочдын нэг болж чадсан түүний амжилт спортын мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар. Тамирчин бүхэн олимп, дэлхийн дэвжээнд оролцох, бүр цаашлаад амжилт гаргах зорилготой байдаг. Түүний хувьд Риогийн олимпод өрсөлдөх зорилгодоо хүрэх хамгийн зөв гарц нь яахын аргагүй Казахстаны иргэн болох байсан гэдэг.
Тэрбээр “Казахстан улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох хамгийн хэцүү байлаа. Энгэртээ Монголын төрийн далбаатай өмсгөл өмсөөд дэвжээнд гартал шүүгч далбаагаа хуулахыг шаардсан. Өөр өмсгөлгүй байсан болохоор аргагүйн эрхэнд өмсгөлөөсөө төрийнхөө далбааг хуулах хамгийн хүнд байлаа. Би монгол хүн. Хатуужилтай, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүний нутагт нулимсаа үзүүлж болохгүй гэж өөрийгөө ирлэж, хичээсэн ч өөрийн эрхгүй нулимс урссан. Тэр үед “Эх орон, монгол түмэн минь уучлаарай. Би та нарынхаа итгэлийг амжилтаараа хариулна гэж өөртөө хэлж билээ” хэмээн дурсан өгүүлсэн байдаг.
Харин "Рио 2016" олимпод оролцсон тухайгаа “Хэрвээ иргэншлээ солиогүй бол медаль хүртэх нь байтугай Риогийн олимпод оролцож чадахгүй байсан гэж бодохоор тайвширдаг. Урнааг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдахад үнэхээр их харамссан. Олимпоос хүрэл медаль хүртэн, казахстанчуудын ачийг хариуллаа гэж бодохоор сэтгэл уужирсан шүү. Олимпийн наадамд анх удаа зодоглосон болоод ч тэр үү, медаль хүртлээ гэж бодохоор зүүдэлж буй мэт мэдрэмж төрсөн. “Нээрэн үү” гээд л итгэж ядсан. “Олимпоос медаль хүртэх их л хол санагддаг байж билээ. Ийм сайхан өдөр ирдэг юм байжээ гээд багшийгаа баярын нулимс дуслуулан зогсохыг харах хамгийн сайхан байлаа” гэж өгүүлсэн удаатай.
XVIII Азийн наадамд хэдэн арван гадаадын тамирчид Казахстаны нэрийн өмнөөс оролцсон. Тэднээс Г.Отгонцэцэг легионер тамирчныхаа үүргийг нэр төртэй биелүүлжээ. Легионер тамирчидтэй өндөр гэрээ хийж, их цалин өгдөг. Монголын охин Г.Отгонцэцэг энэ мөнгөний хариуг итгэл алдалгүй хариулж байгаа. Гурван жилийн хугацаанд тэрбээр Казахстаны бүх эмэгтэй жүдочид авснаас ч илүү олон медаль Казахстанд авчирсан. Тив, дэлхийн томоохон тэмцээнүүдэд Г.Отгонцэцэг оролцож медаль хүртээд ирдэг, хүртсээр ч байна.
Г.Батцэцэг