Казакстан улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс салсны дараа улс орныг 30 орчим жилийн турш удирдаж буй анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев албан тушаалаасаа татгалзаж байгаагаа өчигдөр орой албан ёсоор мэдэгдсэн юм. 18 сая хүн амтай ч газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд есдүгээрт ордог Казакстан улс тусгаар тогтносноос хойш хөгжил дэвшил, бие даасан бүрэн эрхт байдалд Коммунист удирдагч Назарбаевын хүч хөдөлмөр шингэсэн гэж үздэг.
Энэ жил 78 настай удирдагч ажлаа хүлээлгэж өгөхөө улс орон даяар мэдэгдсэн нь ард иргэдийн хувьд гэнэтийн мэдээлэл байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгөх ч Казакстаны аюулгүй байдлын зөвлөл, Парламентад олонхийн суудалтай Нур Отан намын дарга хэвээр үлдэх юм.
Нурсултан Назарбаев: Ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзах шийдвэр гаргахад надад амар байгаагүй. Хэдийгээр төрийн тэргүүний ажлаас урт хугацааны амралтаа авсан ч ард түмэн та бүхнийхээ төлөө үргэлжлүүлэн санаа тавьж, хамт байх болно.
Назарбаев хэт удаан хугацаанд төрийн эрх барьсан төдийгүй дараагийн удирдагчдыг бэлтгэх, зааж сургахын тулд Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж байгаагаа мэдэгджээ. Албан тушаалаа хүлээлгэж өгсөн боловч улс орны үйл хэргийг хөшигний араас удирдаж явуулсан хэвээр байна гэдгийг олон улсын үйл явдлын шинжээчид хэлж байгаа юм.
Өнгөц харахад улс төрийн тавцанд томоохон өөрчлөлт гарч буй мэт боловч бодит байдал дээр тийм ч их өөрчлөлт шинэчлэл гараагүй гэдгийг ажиглагчид хэлж байна. 1990-ээд оноос хойш удаа дараа сонгогдсон Назарбаев хамгийн сүүлд 2015 оны сонгуульд 97,7 хувиар ялалт байгуулсан юм. Ерөнхийлөгчийн дараагийн сонгууль ирэх жил болно.
2020 оны сонгууль хүртэл төрийн эрхийг Парламентын дээд танхимын дарга Назарбаевын ойрын туслах Кассим Жомарт Токаев түр барьж Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: www.theguardian.com