М.Үүрийнтуяа
KFC Зайсан салбар болон “Таван богд фүүдс” ХХК-ийн зүгээс 270 гаруй хүний хохирлыг 49 сая 407 мянган төгрөгөөр үнэлжээ. Харин зөрчил үйлдсэн салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан байна. KFC нь нийт 12 салбартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Зайсан дахь салбараас бусад 11 салбар нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хоолны хордлого эрчимтэй тархаж байсан үед буюу хоёрдугаар сарын 13-нд тухайн асуудалд Зөрчлийн хэрэг нээж, прокурорын тогтоолоор Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм. Энэ асуудлыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, эцсийн байдлаар өчигдөр танилцуулсан бөгөөд “Тухайн зөрчлийн хэрэг нь анх үүссэн даруйдаа хаагдсан, сүлжээ рестораны хоолноос хордож ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс байхгүй” гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Харин зарим эх сурвалж “Асуудал прокурорын хяналтад байгаа” гэж хэлж байна.
Энэ мэт сүлжээ хоолны газрыг тойрсон балаг үргэжилсээр, илэрсэн зөрчлийг танилцуулж дуусаагүй байхад дахин KFC-гийн тахианаас хүн хордсон байна. KFC-гийн 25 дугаар эмийн сангийн дэргэдэх салбараас аавтайгаа хамт тахианы далавч идсэн бага насны хүүхэд цагийн дараанаас ихээр бөөлжиж, улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар тухайн хүүгийн аав өчигдөр ярилаа.
Мөн сар гаруйн өмнө KFC Зайсан салбарын хоолноос хордож, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирч, ажлаа хийж амжихгүй хувийн болон улсын эмнэлгээр явж байгаа иргэн ч байна. Тэрбээр “KFC, “Таван богд фүүдс” компанийн зүгээс хохирсон гэдгээ нотлоод, “баримтаа бүрдүүлээд ир гэсэн. Хүүхэд өвдөөд байхад өөр юуг ч бодох сөхөөгүй байсан. Манайд лав хохирсон гэж мөнгө өгөөгүй” гэсэн юм.
KFC Зайсан салбарын хоолноос хордсон иргэдийн хордлогын шалтгааныг МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын төв лаборатори болон НМХГ, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, АШУҮИСийн лабораториор бүтээгдэхүүнээс дээж авч шинжлүүлсэн бөгөөд шинжилгээний хариу хүлээгдсээр даруй сар гаруй хугацаа үдсэн билээ. Эдгээр шинжилгээний хариунд үндэслэн ХӨСҮТ, НМХГ хамтарч KFC Зайсан салбарт гарсан хоолны хордлого нь “Нэг эх уурхайтай, “шигелла” гэсэн нянгаар үүсгэгдсэн, хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт” болох нь өвчтөнүүдэд илэрсэн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүнгүүд, хохирогч, холбогдогчоос авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна” хэмээх дүгнэлт хийв.
БУСАД 11 САЛБАРЫГ ШАЛГАХАД НИЙТ 64 ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛЭРЧЭЭ
Харин бусад 11 салбарыг шалгахад давхардсан тоогоор нийт 64 зөрчил, дутагдал илрүүлсэн байна.
Салбар тус бүрийн нэрийг дурдалгүйгээр зарим зөрчлийг дурдвал, зарим ундааны хадгалах хугацаа дууссан байхад үйлдвэрлэлээс буцаалт хийгээгүй. Түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалж, хөргөх төхөөрөмжийн температурыг тогтмол хянаагүй. Өглөө оройд үйлчилгээний заалаар хүнсээ зөөвөрлөж байсан, ажилтны гарт шалбархай байхад хөдөлмөр зохицуулалт хийгээгүй, ашиглаж буй ундны усаа шинжилгээнд бүрэн хамруулаагүй, ажилчид нэг ээлжийн хувцастай, мэргэжлийн бус болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ороогүй ажилчид байсан, халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Сүлжээ хоолны газрын зөрчилд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Зайсангаас бусад 11 салбараас таван салбарт нь мөнгөн торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар дөрвөн албан даалгавар, улсын ахлах байцаагчийн долоон хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна. Гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана” гэв.
Хоолны хордлого гарсан KFC Зайсан салбарт сэжиг бүхий 18 нэр төрлийн 5960 ширхэг 31.1 кг амталсан болон амтлааггүй тахианы мах, бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хурааж, устгуулах арга хэмжээг авч ажилласан байна. Мөн KFC салбарын усан хангамжийг нийлүүлэгч “Си си эс эм жи эл” ХХКийн гүний худгийн үйл ажиллагааг шалгахад зохих зөвшөөрөлгүйгээр ус түгээж байсныг илрүүлжээ.
Ингээд Зөрчлийн хэрэг нээж, таван сая төгрөгөөр торгох болон 15 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, худгийн ашиглалтыг зогсоогоод байгаа гэнэ. KFC Зайсан салбарын хоолноос хордсон зарим иргэний гомдол ШӨХТГ-т ирсэн гэж өмнө нь мэдээлж байсан. Энэ талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт манайд ирсэн гомдлыг шилжүүлсэн. Нэгтгэж судлах шаардлагатай байсан” гэв. KFC Зайсан сүлжээ хоолны газрын хоолноос 270 гаруй хүн хордож, 40 гаруй хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчүүлж байсан. Тус салбарын хоёр ажилчин цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн гэсэн мэдээлэл гараад байсныг эргэн сануулъя. Иймд өчигдөр “Цусан суулгаар өвчилсөн KFC-гийн хоёр ажилчин танайд эмчлүүлж байгаа юу” гэж ХӨСҮТийн хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Тийм зүйл байхгүй. KFC-ийн хоолноос хордсон ямар ч өвчтөн байхгүй” гэсэн хариулт өгсөн юм.