СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон байраа хоргүйжүүлэх чухал таван арга

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бидний хүрээлэн буй орчинд химийн хорт бодис агуулсан эд зүйлс хаа сайгүй байдаг. Хэдийгээр энэ бүхнээс бүрмөсөн салж чадахгүй ч хорт нөлөөг нь багасгах олон арга бий. Өдөр тутамдаа хэрэглэж буй хүнс, уух юм, цэвэрлэгээний бодис, гэрийн тавилга, эд зүйлс гэх мэт химийн бодис ямар нэг хэмжээгээр агуулагдсан бүтээгдэхүүн эргэн тойронд байна. Дотоод орчны бохирдол, хорыг бууруулж болох таван аргыг The Guardian санал болгожээ.

1.    Агаар солилцоо

Цэвэрлэгээний бодис ашиглах, хоол хийхэд, лаа асаахад, барилгын материалууд бүгд бидний гэр, ажлын байрыг бохирдуулж байдаг. Британийн эрүүл уушгины сан үнэргүй цэвэрлэгч бодис, цацдагаас илүү шингэн болон хатуу бодис сонгож хэрэглэхийг зөвлөжээ. Мөн цонхоо байнга онгойлгож нарны гэрэл оруулж байх хэрэгтэй гэнэ. Нэн ялангуяа хоол хийж, шүршүүрт орж, лаа асаасныхаа дараа агаар солилцоо нь тун чухал. Харин гадаад орчны бохирдол хэт өндөр буюу агаарын чанарын индекс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн үед цонхоо хаах нь зүйтэй.

2.    Хуванцар эд зүйлээс татгалзах

Хүний арьсыг гэмтээж, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг Bisphenol A химийн элемент нийлэг болон хуванцар бүтээгдэхүүнд агуулагддагийг олж илрүүлжээ. Насанд хүрэгчдийн 95 хувьд уг бодис их бага хэмжээгээр биед нь нэвчсэн байдаг гэж Exeter их сургуулийн профессор Тамара Галловэй хэлсэн байна. Тиймээс аль болох хуванцар савтай хоол хүнснээс татгалзаж, шаардлагатай тохиолдолд BPA-free гэсэн санамжтай аяга таваг, сав суулга сонгоорой.

3.    Цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ өөрөө хийж сурах

Эрүүл зөв амьдралын хэмнэлийг эрхэмлэдэг олон хүн энэ талаар хэдийн судалж, цахим орчинд өөрсдийн арга туршлагаасаа хуваалцсан байдаг. Тухайлбал халуун усанд ¼ аяга цагаан цуу, 2 цайны халбага эко угаалгын шингэн, нэг халбага тунсаа хийхэд та өөрийн гараар химийн хоргүй угаалга цэвэрлэгээний шингэнтэй болно.

4.    Тоос, тоосонцроос ангижирч, чийглэг орчин бүрдүүлэх

АНУ-ын эрдэмтдийн 2016 онд хийсэн судалгаагаар дотоод орчны тоосонцорт 45 төрлийн хорт бодис агуулагддаг нь илэрчээ. Тиймээс тоос бол таны эрүүл мэндийг хордуулж болох маш том аюул юм. Гараа тогтмол савантай усаар угааж агаар шүүгч, чийгшүүлэгч ашиглан тоос тоосонцроо багасгаарай. Ингэснээр дархлааны систем сайжирч, амьсгалын замын эрхтний үйл ажиллагаа дээрдэнэ.

5.    Ахуйн будаг сонгохдоо анхаараарай

Ханаа будаж гэрээ тохижуулах үед химийн будагны үнэр хаа сайгүй тархаж агаарыг хуурайшуулдаг. Тиймээс будаг сонгохдоо байгалийн гаралтай, эко органик будаг сонгохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.