СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

The Guardian: ТЕХНОЛОГИ бол ТЕРРОРИЗМЫН хамгийн сайн найз

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Жэсон Бөрк

Терроризм үргэлж бидэнтэй ойрхон байдаг. Үргэлж шинэчлэгдэж, илүү боловсронгуй төдийгүй хувь хүнд хамааралтай болж байна. 19 дүгээр зууны сүүлч үед барууны аж үйлдвэржсэн хотуудад анхлан давалгаалсан террорист гэмт хэрэг бодит аюул болжээ.

Чухам яагаад хувь хүнд илүү хамааралтай болсныг судалбал дотоодын осол гэмтлээс хэд дахин илүү олон хүн террорист халдлагын хохирогч болж байна. Шинэ Зеландад гарсан халдлагаас харахад дараагийн хохирогч нь дэлхийн аль ч хэсэгт, магадгүй бид ч байж болох. Терроризм бидэнтэй ойрхон байгаагийн учир нь хэдхэн минутын өмнө гарсан аймшигт халдлага, сэтгэл өвтгөм дүр зургийг бид гар утас, сонин сэтгүүл, сайт, телевиз, комьпютероор хаа холоос ч харж байна. Энэ бол аюулын эх үүсвэр. Үргэлж шинэ байдгийн учир нь үйл явдал он цагийн дарааллаар үргэлж шинэчлэгдэж байгаа юм. Эмх замбараагүй байдал, цагдаагийн байгууллага, улс төрчид, шинжээчдийн дүгнэлт, халдлага үйлдсэн этгээд, хохирогчдын тухай мэдээлэл, эмгэнэл илэрхийлсэн захидлууд, төрийн гашуудал зэргээр таймлайн дүүрч эхэлнэ.

"ТЕРРОРИЗМ БОЛ ТЕАТР"

1970-аад оны үед терроризм судлаач Брайн Майкл Женкинс “терроризм бол театр” гэж хэлж байжээ. Сэтгэл шимшрүүлсэн аймшигт үзэгдэл хурдан дуусаасай гэж бүгд хүсдэг ч түүнийг үзэхгүй, харахгүй, сонсохгүй байж чаддаггүй. Австралийн иргэн 28 настай Брентон Таррант Крайстчөрч хотын сүмд 49 мөргөлчийг буудаж буйгаа Facebook-р шууд дамжуулан үзүүлсэн. Технологийн өөрчлөлт шинэчлэл зэвсэг, тэсрэх бөмбөг зэргээр терроризмыг ч байлдан дагуулж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл террор зэвсэг болсон уу?

Тэсрэх бөмбөгийг 1867 онд албан ёсоор баталж, Дэлхийн хоёрдугаар дайны дараа автомат зэвсэг хаа сайгүй тархсан. Террористууд халдлага үйлдэхдээ химийн зэвсэг, онгоц хулгайлах арга ашигладаг байснаас харахад орчин үеийн технологийг арга хэрэгслээ болгож буй нь цоо шинэ зүйл биш юм. Террористууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан дуу хоолой, илгээмжээ хүн бүрт хүргэж чадаж байна.

 

 

Бид гол зүйлээ орхигдуулж хүчирхийлэлд хэтэрхий их анхаарлаа хандуулах болж. Терроризм бол “үйл ажиллагааны суртал ухуулга” учраас дан ганц хүчирхийлэл гэсэн өнцгөөр харах нь хангалтгүй. Энэ хүчирхийлэл айдас дагуулж, оюун санааг өөрчилж улам бүр бат оршин тогтнож, үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна. Дайсан, дэмжигч гээд дуу хоолойгоо хүргэхийг хүссэн бүртээ зурвасаа хүргэж чадаж байгаа юм.

ТЕРРОРИЗМ БА МЭДЭЭЛЛИЙН ЭРИН ҮЕ

Аль Кайда, Исламын улс бүлгүүд нээлттэй арга ашиглаж санасандаа хүрсэн. 50-60 жилийн дотор мэдээллийн технологи хувьсан өөрчлөгдөж тэр хэрээр террористууд зорилгодоо хялбархан хүрэх болсон. 1950-аад оны үед терроризмын талаар радио, фото сэтгүүлзүйгээр цацагдаж олон мянган бээрийн алс дахь хэт даврагсад террор тактикууд ашиглаж олон дайнд гар хөл болсон байдаг. Үүнд Палестин, Алжирын дайнуудыг нэрлэж болно.

Харин 1970-аад оны үед террористууд телевизийн сувгаар дамжуулан мэдээлэлтэй илүү ойртсон. Мюнхены Олимпийн үеэр Израйлийн тамирчид руу террористууд халдахад наадмыг дамжуулж байсан суваг халдлагыг харуулсан.

Осама Бин Ладены халдлагыг дэлхий даяар харуулахыг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг мэдэж байсан

1990-ээд онд хиймэл дагуулын антен бий болсноор исламын шашинтнууд голлон оршин суудаг Ойрхи Дорнодын иргэдэд мэдээлэл шуурхай хүрэх болов. Харилцаа холбооны сувгууд шууд хүрч ажиллах болсноор 2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн Ихэр цамхгийн халдлагыг дэлхий даяараа шууд хүлээн авсан. Осама Бин Ладен уг халдлагыг дэлхий даяар дамжуулахыг хэн ч зогсоож чадахгүй гэдгийг мэдэж байсан хэрэг.

 

 

Дараагийн том өөрчлөлт бол дижитал эрин үе. Ямар нэг байгууллага, бүлэггүйгээр хүн бүр хүссэнээ хийж эхэлснээр бие даасан, эрх чөлөөт террористууд бий болсон. 2016 онд Францын хэт даврагсад цагдаагийн ажилтан болон түүний хамтрагчийг хутгалж байгаагаа Facebook-р дамжуулсан. Мөн Крайстчөрчийн халдлагыг үйлдсэн гэмт этгээдийн шууд дамжуулалтыг жишээ татаж болно.

Хүссэн мэдээллээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж авахад илүү хялбар болсонтой адил терроризм ч бас нийгмийн нэг хэсэг болж илүү өргөн хүрээтэйгээр нөлөөлж байна. Шинэ Зеландад халдлага үйлдсэн этгээд зөвхөн исламчуудын амийг бүрэлгэх зорилгогүй байсан. Тэр исламчуудыг үгүй хийж байгаагаа бичиж дэлхий дахинд түгээхийг хүссэн байх. Гэмт этгээд Таррант шууд дамжуулалт хийснээр өөрийгөө баатар, удирдагч мэтээр харуулахыг хүсч, хүссэндээ ч хүрсэн байж магадгүй гэдэг нь хамгийн аймшигтай зүйл юм.

 

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.