Мозамбик улсын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Идай хуй салхи дайран өнгөрч 89 хүн амиа алдсан гэх албан тоо байгаа юм. Харин тус улсын Ерөнхийлөгч Филипе Нюси амиа алдсан иргэдийн тоо мянга хол давсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа.
Хуй салхинд өртсөн бүс нутаг бараг тэр чигтээ газрын хөрстэй тэгширч, байшин барилга нурж аврах ажиллагаа үргэлжилж байна. Ерөнхийлөгчийн нэмж мэдэгдсэнээр 100,000 орчим оршин суугч аюултай бүсэд байна гэжээ.
Гол мөрний ус савнаасаа хальж тосгон суурингуудыг усанд автуулж оршин суугчдын цогцос хөвж байсан гэж албаныхан мэдэгдсэн байна. Мозамбиктай хил залгаа Зимбабве, Малави улсуудад ч мөн Идуй хуй салхинаас болж байгалийн гамшиг нүүрлэж олон арван иргэн амиа алдаад байгаа юм. Зимбабве улсын Засгийн газар хуй салхины дараа үерт автсан бүсэд гамшгийн онц байдал зарлажээ. Тус улсад 100 орчим хүн үрэгдэж 200 орчим иргэн сураггүй болсон байна.
Мозамбик улсад холбоо харилцаа тасарч, зам гүүр нурж оршин суугчдыг тусгаарлаад байна. 1,5 сая иргэн байгалийн гамшигт өртсөн гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Филипе Нюси улс орондоо үүссэн нөхцөл байдлыг хүн төрөлхтний өмнө тулгарсан бодит аюул гамшиг хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.cnn.com