АТҮТ /Авто тээврийн үндэсний төв/ улс хооронд болон хот хооронд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгслийн хурд, байршил, замын нөхцөл байдлыг 24 цагаар хянаж зохицуулж байна. Болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, зорчигч ямар нэгэн байдлаар зам саатах зэрэг асуудлаас урьдчлан сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Энэ талаар АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдосоос тодруулсан юм.
Авто тээврийн лавлах 1900-1234 авто тээврийн салбартай холбогдолтой бүх мэдээллийг шуурхай өгч ажилладаг аж. Өөрөөр хэлбэл та орон нутгийн замд зорчихоор төлөвлөж байгаа бол энэ лавлахаас тухайн чиглэлийн замын нөхцөл байдлын мэдээллийг авч болох аж.
Яг одоогийн байдлаар Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутгаар цасан шуургатай, нийт нутгаар үүлэрхэг, бага зэргийн салхитай байгаа аж.
Мөн 90 тээврийн хэрэгслээр 42 чиглэлд 2520 зорчигч зорчиж байна. Тэдний авюлгүй байдлыг хангаж зорчуулах талаар 24 цагаар хянадаг аж.
2014 оны нэгдүгээр сараас эхлэн 63 аж ахуй нэгжийн 1005 тээврийн хэрэгсэл 76 чиглэлд үйлчилж байгаа бөгөөд тэдгээр бүх тээврийн хэрэгсэлд GPS суулган хянаж байна.
Дархан, Орхон, Чойр, Багануурын чиглэлд 270 орчим жижиг оврын автомашин зорчдог. Үүнийг бас хянадаг байгаа. Саяханаас бүх тээврийн хэрэгслийн суудлын ард талд Аюулгүй зорчих санамж тавьсан байгаа. Уг санамжинд зорчигч тээврийн хэрэгсэлтэй холбоотой санал гомдол байвал 86021234 утсанд мессэжээр болон холбогдож мэдээлэл өгч болно. Өөрөөр хэлбэл иргэдийн хяналтыг давхар бий болгож байна гэсэн үг.
-Цаг агаарын нөхцөл байдлаас хамааран зам, даваа, гүвээ хаах үе тохиолддог. Энэ үед ямар арга хэмжээ авдаг вэ?
-АТҮТ шуурхай бүлэг 24 цагаар ажилладаг. Тээвэрлэлт зогсоод зорчигчдийн аль боломжит тээврийн хэрэгслээр тээвэрлэх зохицуулалтыг хийдэг. Манай байгууллага УБТЗ-тай хамтран ажилладаг. Энэ хүрээнд нэмэлт галт тэрэг гарган зорчигчдоо тээвэрлэдэг. Аль болох зорчигчдынхоо ая тухыг алдуулахгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Хууль бус тээврийн хэрэгслээр зорчин цас, бороонд түгжрэн саатсан тохиолдолд манай байгууллага тухайн зорчигчдын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүй. Иймд иргэд албан ёсны тээврийн хэрэгслээр зорчин, 100-1000 төгрөгөөр даатгал хийлгэх зорчих хэрэгтэйг зөвлөж байна.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Онгоцонд бизнес ангилал гээд зэрэглэлтэй байдаг шиг автобусанд ийм зэрэглэл бий болгохыг аж ахуйн нэгж болон иргэд маань хүсэлт гаргадаг. Хол замд зорчиж байгаа иргэдийн хувьд урдаа дэлгэцтэй, арай том суудалд тухтай амарч явах боломжийг хангах зорилгоор зарим аж ахуйн нэгж шинээр автобус худалдаж аван шинээр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн замын хажуу талын зогсоол буюу түр амрах цэгүүдэд байрлах газруудыг олон улсын стандартад нийцүүлэхээр судалгааны ажил хийн ажиллаж байна.