Нидерландын Утрехт хотод үл таних этгээд трамвай дотор гал нээж гурван хүний аминд хүрч, таван зорчигчийг гэмтээж шархдуулсан хэрэг гарсан байна. Хотын цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг баривчилсан тухай мэдээлжээ.
Туркийн иргэн 37 настай Гокмэн Танис халдлага үйлдсэн газраас гурван км-т байсныг хэдэн цагийн дараа цагдаа нар олсон байна. Гэмт этгээд чухам ямар зорилготойгоор зорчигчид руу халдсан нь тодорхойгүй байгаа юм. Сэжигтнийг баривчлах үеэр Утрехт хотыг бүхэлд нь самнаж, аюулгүй байдлыг өндөржүүлэн сургуулиудыг хаажээ.
Орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 10:45 минутад халдлагын талаар цагдаад дуудлага ирсэн байна. Хэргийн газарт байсан гэрчийн яриагаар буутай этгээд зорчигчид руу шууд галлаж эхэлжээ. Гэмтэж шархадсан иргэдийн биеийн байдал хүнд байна гэжээ.
Сэжигтнийг гал нээсний дараа трамвай ослын зогсолт хийхэд хэргийн газраас зугтаасныг гэрчүүд харсан байна. Терроризмтой тэмцэх цагдаагийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Шинэ Зеландад гарсан террорист халдлагатай холбогдуулан сүмүүд, нисэх буудлуудад хамгаалалт гаргажээ.
Нидерландын цагдаагийн газрын өнгөрсөн шөнө хийсэн мэдэгдэлд “халдлага терроризмын шинж чанартай ч гэр бүлийн асуудлаас болж сэжигтэн гал нээсэн байж магадгүй хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэжээ. Сэжигтэн Гокмэн Танис өмнө нь Оросын Чеченьд байлдаж байсан гэж зарим эх сурвалжид дурдсан байна.
340,000 оршин суугчтай Утрехт хотод гарсан халдлагад эмгэнэл илэрхийлж байгаагаа Европын Холбооны төлөөлөгчид мэдэгджээ. Энэ лхагва гарагт Нидерландад орон нутгийн сонгууль болох ёстой ч төрийн далбаа хагас бөхийлөө.
Эх сурвалж: www.bbc.com