Ч.ЗОТОЛ
Чингэлтэй дүүргийн шүүхээс өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан, тагнуулын байгууллагын ажилтан М,Б нарыг 14 хоног саатуулан шалгахаар шийдвэрлэжээ.
Тэднийг хэргийг мөрдөн шалгах явцад хууль зөрчсөн эсэх, түүнчлэн гэрч нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудалд холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Ер нь бол эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн, албадсан гэх гомдлыг хэрэгт холбогдон хорих ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат нарын зүгээс удаа дараа мэдэгдэж ирсэн юм.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг эхлэн шалгахдаа Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж, хэргийг мөрдөн шалгаж шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Цагдаа, Тагнуул, Прокурорын байгууллагаас хамтарсан ажлын хэсэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн эсэх, мөрдөн шалгахдаа эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн үү гэдгийг одоо АТГ-аас шалгаж байгаа гэнэ.
Учир нь Цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудыг шалгадаг, хариуцлага тооцдог байгууллага өмнө нь Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар байсан. Харин одоо бол энэ чиг үүрэг АТГ-т хуулиараа шилжсэн бөгөөд энэ дагуу АТГ-аас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийнхэн хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж байгаа гэсэн үг аж.