Д.Мягмардорж
Энэ жил эрт дулаарч буйн улмаас малчид ямаагаа самнаж эхэлжээ. Монгол орны газар зүйн онцлогийн дагуу Зүүн болон Говийн бүсийн аймгууд бусдаасаа түрүүлэн ноолуураа авч байна. Ченжүүд нэг килограмм ноолуурыг малчдын гар дээрээс 135 мянган төгрөгөөр худалдан авч байгаа талаар Хэнтий аймгаас мэдээллээ. Сүүлийн хэдэн жилийн дүр зургаас харахад, ноолуурын ханш жилээс жилд тогтмол 10-20 мянган төгрөгөөр өсч байгаа. Тодруулбал, 2017 онд нэг килограмм ноолуур 85-100 мянган төгрөгийн ханштай байсан бол өнгөрсөн жил 100-120 төгрөг байсан. Харин энэ жил урьд жилүүдийнхээс өндөр тогтож байгааг ноолуурын салбарынхан онцоллоо.
Мөн нийслэл дэх “Эмээлт” зах дээр нэг килограмм нь 115 мянган төгрөгийн ханштай байгаа аж. Ийнхүү ченжүүдийн нөлөөгөөр ноолуурын ханш өссөөр байгаа бөгөөд тэдний гол санхүүжилтийг гаргадаг БНХАУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт өнгөрсөн жилээс эхлэн сэргэх хандлагатай болсон. Ханшийг шударга тогтоох зорилгоор Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн жилээс бөөний дуудлага худалдаа зохион байгуулах болсон. Тус биржээс энэ сарын 22, 23-нд Сүхбаатар болон Хэнтий аймагт “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г зохион байгуулах аж. Монгол Улсын хэмжээнд жилдээ 10 мянга орчим ноолуур бэлтгэдэг. Энэ нь дэлхийн ноолуурын зах зээлийн 45 хувийг хангаж буй үзүүлэлт бөгөөд БНХАУ-ын дараа орох гол тоглогч болоод буй.
Гэхдээ нийт ноолуурынхаа 20 орчим хувийг дотооддоо бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлох бол үлдсэн хэсгийг угаан гадагшаа гаргадаг. Тиймээс ноолуурын ханш өндөр тогтох нь мал аж ахуй эрхэлж буй 160 гаруй мянган өрхийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх ч нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгчдэд хүнд тусна гэж үзэж байна. Уг нь Засгийн газраас ноолуурыг стратегийн түүхий эд гэж үзэн салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийг өнгөрсөн онд баталж, хэрэгжүүлэхээр тогтоод байгаа. Хөтөлбөр 2018-2022 онд хэрэгжих төлөвлөгөө гарсан. Үр дүнд нь нэхмэлийн салбарт 3600 гаруй ажлын байр шинээр бий болгоно. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.7 дахин өсөж, жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж тооцоолж байгаа юм.