Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган дараах хүмүүсийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Гавьяат малын эмч цолоор Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газрын ахмад ажилтан Жантөмөрийн Онгар,
Гавьяат жүжигчин цолоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Лхамхүүгийн Батсүрэн,
Гавьяат багш цолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Хабисатын Хадаан нарыг шагнажээ.
2009 онд Наурызын баярыг “ЮНЕСКО” соёлын биет бус өв хэмээн бүртгэж авчээ. 2011 онд НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар Наурызыг “Олон улсын өдөр” болгон тунхаглаж тогтоол гаргасан байна. НҮБ-аас энэ үеэр Наурызын баярыг тэмдэглэдэг улс орнуудын Наурызтай холбоотой соёл, уламжлал, ёс заншлыг хамгаалж, хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэлд баяр хүргэсэн байдаг.
Монгол Улсад энэ баярыг казах түмний хамгийн том баяр хэмээн хүндэтгэн үзэж иржээ. Наурызын өдөр болбоос байгаль орчин, ан амьтан ичээнээс сэрж амь ордог өдөр, шөнө тэнцдэг мөчлөг тохиодог. Тийм учраас гуравдугаар сарыг казах хэлэнд Наурыз гэж нэрлэдэг ажээ.
Энэ баярыг угтуулан казах иргэд, манлайлагчид Жантөмөрийн Онгар, Хабисатын Хадаан нарт Монгол Улсын гавьяат малын эмч, Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолыг олгосон ажээ.
Жантөмөрийн Онгар гуай 1983 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлж, малын их эмч, сум нэгдлийн дарга зэрэг албыг хашиж байсан. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг удирдах чиглэлээр олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн юм.
Хабисатын Хадаан нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд багшаас өгсүүлээд захирал хүртэл тасралтгүй 38 жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, олон мянган хүнд эрдэм боловсрол олгох үйлст хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн юм. Хадаан малчны хүүхдүүдийг сургууль завсардуулахгүйн тулд хөдөө бригадад хоёр ч бага сургууль байгуулан хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хичээн ажилласан байгаль орчноо хайрлах тохижуулах үйлсийг түгээн дэлгэрүүлсэн багш ажээ.