Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг түүхэндээ 8 удаа нэр хаяг, харьяаллаа өөрчилж, 3 удаа татан буугдаж байсан ч залгамж холбоо нь тасраагүй, төрийн тусгай чиг үүрэг бүхий алба хаагчид, тэдний ар гэрийхэн, ахмад ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй хэрэгжүүлж орчин үеийн барилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэгдсэн эмнэлэг болсон байна.
Тус эмнэлэг анх 1933-1954 онд Дотоод явдлын яамны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 1936 онд 24 хүнтэй эмнэлгийн анхны тасаг нээгдсэн бол 1937 онд анх удаа эмнэлгийн зориулалтын хоёр давхар барилга баригдаж ашиглалтанд орсон. 1954-1971 онд Өдрийн амбулатори эмнэлэг нээгдсэн.
1971-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв эмнэлэг болсон. 1965-1970 онуудад Монгол улс даяар өрнөсөн социалист хөдөлмөрийн хөдөлгөөн тус эмнэлэгт ч өрнөсөн бөгөөд 1969 онд амбулатори нь госпиталийн тасаг, нэгжийн хэмжээнд эхний байрыг эзэлж, орчны тохижилтоороо шалгарч шагнал хүртэж байжээ.
Харин 86 жилийн түүхтэй уг эмнэлэг ийнхүү Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон шагналт эмнэлэг боллоо.