Та бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг өндөг уургаар баялаг учир эрүүл төдийгүй тэжээллэг хүнсэд тооцогддог. Аливаа юмны тунг тааруулахгүй бол хор болох аюултай гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл та долоо хоногт гурав болон түүнээс олон өндөг идвэл юу тохиолдох вэ?
Олон улсын эмч мэргэжилтнүүд, хүнс судлаачид өндөг хүний биед сайн уу, муу юу гэдэг дээр санал зөрөлдсөөр ирсэн аж. Гэхдээ нэг зүйл тодорхой болсон нь хэрэв та долоо хоногт 3-4 өндөг буюу өдөрт 300 мг холестерин хэрэглэхэд зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмдэг байна. Өөрөөр хэлбэл хэт их өндөг идвэл илүү хурдан үхэлд ойртох аюултай гэдгийг шинэ судалгаагаар тогтоожээ.
Чикагогийн Анагаах ухааны Файнбэрг их сургуулийн урьдчилан сэргийлэх эмнэлзүйн эмч Виктор Зонг судалгааг удирдан явуулсан байна. Хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг өндөг, тэр дундаа өндөгний шар холестериныг нэмэгдүүлэх гол эх сурвалж гэдгийг Виктор Зонг анхааруулжээ. Нэг ширхэг өндгөнд 186 мг хүнсний холестерин агууллагддаг байна.
Судалгаанд 29,000 хүний 17 жил хагасын өдөр тутмын хүнсний хэрэглээ, эрүүл мэндийн байдлыг харьцуулан судалжээ. Мөн үхэлд хүргэсэн болон амь хэлтэрсэн зүрхний шигдээсээр өвчилсөн 1,302 тохиолдол, 1,897 зүрхний дутагдал болоод бусад зүрх судасны өвчтэй 113 тохиолдлыг хамруулсан байна. Бусад шалтгаанаар таалал төгссөн 6,132 хүний өвчний түүхийг ч сөхжээ.
Судалгааны дүнд өдөрт 300 мг-аас дээш хүнсний холестерины агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэвэл зүрхний өвчин тусах эрсдэл 3,2 хувиар, хугацаанаасаа өмнө амьсгал хураах эрсдэл 4,4 хувиар ихэсдэг гэж тогтоосон байна.
Урьд өмнө хийсэн судалгаагаар өдөр бүр өндөг идэх нь сайнгүй гэдгийг зөвлөдөг байсан ч зүрх судасны өвчин тусах эрсдлийг нэмдэг гэдгийг хараахан тайлбарлаагүй байсан юм. Иймээс та эрүүл мэнддээ анхаарч аль болох хүнсний холестерин багатай бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хэрэв өндөг идвэл цагааныг нь идэж шарыг нь хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.cnn.com