Хятадын Засгийн газрын мэдээлснээр эрх баригчид 2014 оноос хойш Шинжааны бүсээс 13,000 террорист баривчилсан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Бээжингийн хорих лагерийг шүүмжлэн буруутгадаг ч энэ нь исламын хэт даврагсад, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тустай хэмээн хамгаалсаар ирсэн юм.
Засгийн газрын өгсөн дэлгэрэнгүй мэдээлэлд Шинжааны бүсэд 1,588 террорист болон хэт даврагсдын үйлдлийг зогсоож, 12,995 террористыг баривчилж, 2,052 тэсрэх бодис хураан, 30,645 хүнийг 4,858 хууль бус шашны үйл ажиллагаатай холбогдуулан ял шийтгэл оноогоод зогсохгүй шашны холбогдолтой 345,229 хууль бус баримт материалыг хураасан гэжээ.
Эдгээр гэмтнүүдийн цөөхөн хэсэгт хүнд шийтгэл оноож үлдсэнийг нь хорих лагерьт саатуулж алдаагаа ухаарах, боловсрол эзэмшин дахин төлөвших боломж олгож байна гэжээ. Хятадын Засгийн газрын хорих лагерьт одоогоор сая гаруй уйгар, исламын шашинтан хоригдож байна.
Шинэ долоо хоногийн эхэнд Засгийн газраас танилцуулсан баримтыг Дэлхийн Уйгар конгрессын зүгээс үгүйсгэн буруушаагаад байгаа юм. Тус байгууллагын төлөөлөгч Дилхат Рахит Хятад үнэнийг гуйвуулж терроризмын эсрэг тэмцлийг улс төрийн зорилготойгоор урвуулан ашиглаж байна хэмээн мэдэгджээ.
Шинжаан Уйгар хэзээнээсээ Хятадын үндэстэн ястны хямрал, толгойны өвчин байсаар ирсэн. Тэд исламын шашинтайн дээр хэл, соёлоороо туркуудтай төстэй тул Турк улс уйгуруудын төлөө санаа зовж олон улсын тавцанд байр сууриа илэрхийлдэг цорын ганц исламын орон аж. Харин Бээжингээс туркуудыг улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж буруутгадаг юм.
Эх сурвалж: www.reuters.com