УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарыг намын шийдвэрээ дагаагүй үндэслэлээр Ардчилсан намаас хассан билээ. Тэгвэл хоёр гишүүн улс төрийн шинэ нам байгуулжээ
УИХ-ын гишүүн Л.Болд "Чуулган хаахаас өмнө Ж.Батзандан бид хоёр Ардчилсан намаас гарсан. УИХ дахь Ардчилсан нам бүлэггүй болоод тарсан гэсэн үг. Ингээд тойрог дээрээ, намынхаа гишүүддээ очиж тайлангаа тавьсан. Харин ард түмэн хэнийг УИХ-д нэр дэвшүүлэхээ бид мэднэ гэсэн. Тиймээс Ж.Батзандан бид хоёр УИХ-д суудалтай шинэ нам байгуулж байгаагаа зарлаж байна. Энэ намд эх орон, шударга ёсны төлөө тэмцэгч хэн ч элсэж болно" гэлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Монголыг өмөөрөх, МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэх нам хэрэгтэй байна. Тиймээс Л.Болд гишүүнтэйгээ хамтран шинэ улс төрийн хүчин байгууулж байна. Ардчилсан намаас хөөгдсөнийгөө би бурханы зурсан зураг, төөрөг гэж харж байна. Монголын төлөө, Монголын хөгжлийн төлөө намыг байгуулж байна" гэлээ.
Уг мэдээллийнхээ үеэр хоёр гишүүн мөн С.Зориг агсны хэрэг энэ долоо хоногт албан ёсоор задарна гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.