Индонези улсын зүүн Папуа мужид үерийн улмаас багадаа 50 хүн амиа алдсан тухай эх сурвалжууд дамжууллаа. Мужийн нийслэл Жаяапура хотын ойролцоо Сентанид амралтын өдрүүдэд ширүүн бороо орж 60 орчим хүн гэмтэж шархдан холбогдох албаныхан эмнэлгийн тусламж үзүүлжээ.
Тус улсын байгалийн онцгой байдалтай тэмцэх газраас үерийн усанд олон арван байшин барилга нурж, модод сугарч зам талбай сүйдсэнийг мэдээлжээ. Сураггүй болсон иргэдийг эрж хайн, аврах болон үерт автсан газруудаас нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна.
Үерийн уснаас гадна хөрсний гулсалт үүсч долоон хүн амиа алджээ. Доёо тосгонд хамгийн их хөрс гулссан ба уулнаас хайрга чулуу нурж барилга байшингийн дээрээс дарсан байна. Нисэх буудал, албан газар, айлын байшинд үерийн устай хамт лаг шавар цутгажээ.
Индонези улсад үер буух нь тун ховор үзэгдэл гэж эх сурвалжууд бичжээ. Нэн ялангуяа жилийн 10-4 дүгээр сарын хооронд борооны улирал байдаг ч төдийлөн үерлээд байдаггүй. Харин энэ онд хэд хэдэн газар үер бууж олон арван хүн амиа алдлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Сулавеси аралд үер, хөрсний гулсалтаас болж 70 гаруй иргэн амь эрсэдсэн юм. Мөн энэ сарын эхэнд Жава мужид их хэмжээний аадар асгарч оршин суугчдыг албадан нүүлгэн шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.theguardian.com