УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн билээ.
Нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцээд нэгдсэн байр сууринд хүрсэн байна.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга Б.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Д.Эрдэнэбат "Татварын багц хууль дээр бид ямар байр суурьтай байхаа бүлэг дотроо хэлэлцлээ. Энэ хуулинд эeрэг, сөрөг олон зүйл байна. Хууль ААНБ-дад дарамт болж болохгүй. Гэтэл энэ хуулин дээр Үндсэн хууль зөрчсөн хоёр заалт байна.
Нэгдүгээрт, өөрт ногдох татварыг хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлнэ гэдэг заалт. Энэ маш буруу.
Хоёрдугаарт, татварын маргаан үүсгээд үндэслэлгүйгээр татвар ногдуулсан бол дэнчин тавьдаг. Гэтэл ААН-үүдийг өөрсдийгөө хамгаалах боломжгүй болгосон байна.
Тиймээс хэлэлцүүлгийн явцад эдгээр зүйл заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж УИХ дахь Ардчилсан намынбүлэг үзэж байна" гэлээ.
Мөн энэ удаагийн ээлжит бус чуулганаар ЗХЖШ, АТГ-ын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ асуудал дээр хуулийн дагуу хандах ёстой. Хууль бус ямар нэгэн үйлдэл байж болохгүй гэж АН-ын бүлэг үзэж байна.